Хүйтний ам наашилсан энэ үед шахмал түлшний асуудал яригдаж эхлээд байна. Нийслэл хотод 2019 оноос эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж холбогдох албаныхан мэдээлдэг. Хэдийгээр албаныхны зүгээс жилээс жилд шахмал түлшний чанар стандартыг сайжруулсаар байгаа гэдэг ч иргэдийн зүгээс харин түлшний чанар, аюулгүй байдалд эргэлзсэн хэвээр байна.
- Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотын гэр хорооллын 200.000 гаруй айл өрх хэрэглэж байна.
- ”Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэдэг шахмал түлшний найрлагын 20-30 хувьд нь барьцалдуулагч түүхий эд оруулдаг байна.
- Тэгвэл энэхүү барьцалдуулагч бодисын 50 хувийг дотоодоос, харин үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг байна.
- Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээ 1200 микрограмм метр куб байх ёстой юм байна. Харин одоогийн түлш дэх хүхрийн хэмжээ 600 микрограмм метр куб буюу 50 хүртэл хувиар буурсан байгаа нь стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш буюу 2019 оноос хойш энэ оны эхний зургаан сар хүртэлх хугацаанд 147 хүн угаартаж нас барсан байна. Жил ирэх бүр шахмал түлшний чанар стандарт сайжирч байгаа талаар албаныхан мэдээлдэг. Гэсэн хэдий ч иргэдийн зүгээс түлшний чанарт анхаарах шаардлагатай хэвээр байгааг сануулж байна. Учир нь шахмал түлшнээс гарах тортог ихэссэн, бутрамхай, үнс ихтэй зэрэг нь хэрэглэхэд ихээхэн хүндрэл учирдаг талаараа иргэд мэдээлж байна.
Таван толгой түлш компани нь өнгөрсөн жилээс эхлэн түлшний чанар стандартыг сайжруулах зорилгоор доломитын орцтой барьцалдуулагчийг ашиглаж эхэлсэн. Ингэснээр хүхэрлэг хийн агууламжийг бууруулах, шаталтаас ялгарах хорт хийг бууруулах зэрэг сайжруулалт хийгджээ. Харин энэ жил хагас кокосжсон нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч зарим хүчин зүйлс нөлөөлж хойшилсон байна.
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэл хотын агаарын бохирдол 2016 оны мөн үетэй харьцуулахад 50 хүртэл хувиар буурсан гэх судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.