Нийслэлийн 18-р дунд сургуулийн хүүхдүүдийн хордлогын шалтгаан тодорхойгүй байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн хичээлийн байрны хүрэлцээгүйгээс 6-8 дугаар ангийн 720 гаруй хүүхэд бизнесийн дээд сургуулийн түрээсний байранд хичээллэж байна. Тэгвэл тус байранд хичээллэж байсан 6-р ангийн сурагчид хордлогын шинж тэмдэгтэйгээр хоёр удаа эмнэлэгт хүргэгдээд байна. Хүүхдүүд юунаас болж хордсон нь одоогоор тодорхойгүй байгаа тул тохирсон эмчилгээг хийж чадахгүй байгааг эцэг эхчүүд мэдээлж байна.

Өнгөрсөн 9-р сарын 21-ний өдөр болон энэ сарын 12-ний өдөр Нийслэлийн 18-р сургуулийн 6-р ангийн сурагчид бөөлжих, толгой эргэх, гар хөлийн шөрмөс татах, бие нь мэдээгүй болох зэрэг шинж тэмдэгтэйгээр ЭХЭМҮТ-д ирсэн байна. Эдгээр хүүхдүүд хордлого авсан оноштой байгаа боловч юунаас болж хордсон нь тодорхойгүй байна.

Хордлогын шинж тэмдэг илэрсэн 6-р ангийн хүүхдүүд нь нэг ангид 54-лээ хичээллэдэг байна. Үүнээс шалтгаалж анги доторх агаар сэлгэлт муу мөн нэг ширээнд 3-лаа давхарлаж суудаг нөхцөл байдалтай хичээллэж байгааг сурагчид нь мэдээлсэн байна. Угтаа тус сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн ажлыг 3 жилийн өмнө эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас царцаж өдийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно. Мөн тус сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа бөгөөд 12-р сард ашиглалтад орно гэдгийг холбогдох байгууллагынхан мэдээлж байна.

Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх нь ийнхүү зөрчигдсөөр байгааг эцэг эхчүүдийн зүгээс мэдээлж байна. Одоогоор тус сургуулийн сурагчдын хичээлийг тасалдуулахгүйн тулд үндсэн сургуулийн танхим болон цахим сургалтыг хослуулан үйл ажиллагааг явуулж байна.