Казахстан улсын хууль тогтоогчид ОХУ руу хийж буй 106 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний экспортод хориг тавьжээ

Казахстаны хууль тогтоогчид ОХУ руу хийж байгаа 106 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийхээ экспортоо зогсоох шийдвэрийг өнгөрөгч пүрэв гарагт гаргажээ. Экспортын хоригт багтсан бараа бүтээгдэхүүнд дрон үйлдвэрлэхэд ашигладаг сэлбэг, эд анги, хагас дамжуулагч, электротехникийн төхөөрөмжүүд багтсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.

ОХУ-ын эзлэн түрэмгийлэлтэй холбогдуулан Өрнөдийн улсуудын эрх баригчид Москваг чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээг аваад байгаа юм. Тэгвэл Барууны эвслийн зүгээс Москвагийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээг нь дагаж мөрдөхийг Төв азийн улс орнуудаас шаардаад байна. Уг шаардлагын дагуу Казахстаны эрх баригчид Орос руу хийж байгаа цэргийн зориулалтаар ашиглаж болох бараа бүтээгдэхүүний экспортдоо хориг тавихаар болсноо мэдэгдсэн байна.

Өнгөрөгч пүрэв гарагт Казахстаны Худалдааны дэд сайд Кайрат Торебаев "Украины дайны нөхцөл байдалтай холбогдуулан цэргийн зориулалтаар ашиглаж болохуйц 106 нэр төрлийн бараа, тэр дундаа гадаадад үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцны эд анги, электрон бараа, компьютерын чип зэргийн ОХУ руу хийж байгаа экспортыг зогсоосноо” онцолжээ.

Өнгөрсөн оны 2-р сард Украины дайн эхэлснээс хойш Өрнөдийн улсуудын эрх баригчид Казахстан тэргүүтэй Төв азийн улс орнууд цэргийн хангамжийг хилээр нэвтрүүлж, ОХУ-д нийлүүлж байгаа гэж буруутгаж байсан юм. Мөн Өрнөдийн хориг арга хэмжээтэй холбогдуулан ОХУ-ын иргэд хөрш Казахстан, Киргиз, Турк, Монгол улсуудаар дамжуулан цахилгаан бараа, компьютерын эд анги, цэргийн зориулалтаар ашиглаж болох дрон зэргийг худалдан авч байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Харин Өрнөдийнхөн хориг арга хэмжээгээ бодитоор, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бүс нутгаар дамжин өнгөрөх худалдааны замыг хаах, ингэснээр ОХУ хилийн чанадаас бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй болж, тусгаарлагдах ёстой гэж үзсэн байна. Иймд Казахстан тэргүүтэй Төв азийн улс орнууд ОХУ руу хийж байгаа экспортдоо анхаарал хандуулах шаардлагатай гэж Өрнөдийнхөн үзэж байсан юм. Европын холбоо мөн хориг арга хэмжээг дагаж мөрдөөгүй гуравдагч улс орнуудад тодорхой сануулга хүргүүлж, Өрнөдийн эвсэлтэй хамтран ажиллаагүй тохиолдолд хууль эрх зүйн хувьд тэдний хориг арга хэмжээнд өртөх боломжтойг анхааруулж байсан юм.

Өнгөрөгч пүрэв гарагт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Германы Канцлер Олаф Шольц нар Берлин хотноо хэлэлцээ хийсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын дараа Казахстаны Худалдааны яамнаас барууны хориг арга хэмжээг тойрч гарах гэж оролдож байгаа ОХУ-д тусламж үзүүлэхгүй гэдгээ мэдэгджээ.