Өнгөрсөн 7 хоногт Бельги, Франц зэрэг Европын холбооны гишүүн улс орнуудад ээлж дараалан зэвсэгт халдлага гарсан юм. Үүнтэй холбогдуулан Европын холбооны гишүүн улс орнуудын хууль тогтоогчид цагаачдыг шалгаж, аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үзсэн хүмүүсийг албадан гаргах ажил зохион байгуулахыг эвслийн удирдлагууддаа уриалжээ.
Энэ сарын эхээр Франц улсад нэгэн багш Дагестан цагаачийн гарт амиа алдсан байна. Мөн Брюссель хотноо өөрийгөө Исламийн улс бүлэглэлийн гишүүн гэж тодорхойлсон зэвсэгт этгээд Шведийн хоёр иргэнийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан юм.
Израиль-хамасын мөргөлдөөний дараа Европ даяар цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Харин өнгөрөгч пүрэв гарагт Европын холбооны хууль тогтоогчид цагаачлал, орогнол олгох системтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Хэлэлцээний үр дүнгийн талаар нарийн ширийн мэдээллийг хууль тогтоогчид ирэх долоо хоногт танилцуулахаар болжээ.
Европын холбооны бодлого боловсруулагчид гишүүн улс орнуудад нь хууль бусаар оршин сууж байгаа цагаачдыг нутаг буцаах төлөвлөгөөг сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж байгаа. Гэвч эдгээр арга хэмжээ нь төдийлөн үр дүнд хүрэлгүй, гацаанд орсон гэж шинжээчид дүгнэдэг байна.
Израил болон Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд үүсээд байгаа зэвсэгт мөргөлдөөн, Европ тивийн аюулгүй байдалд хүртэл сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол өсөн нэмэгдсээр байна.