Орон нутагт орон сууцын ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ

Ипотекийн зээлийн хөтөлбөр өнгөрөгч 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн олгогдож байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Мөн тус зээлийн хөтөлбөр нь төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт байр орон сууц авах иргэд  рүү түлхүү чиглэж байгаа буюу орон нутагт зээл авах иргэдийн зээлийн дээд хэмжээг нэмэх мөн зээлийн хүүгийн эхний гурван жилийг төрөөс даах зэргээр дэмжлэг үзүүлж байна. 

  • Энэ он гарсаар 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээл гарснаас 150 тэрбум гаруй нь орон нутагт олгогджээ. Тэгвэл цаашдаа ипотекийн зээлийн нийт эх үүсвэрийн 50 орчим хувийг орон нутагт олгох юм байна.
  • Мөн энэ сарын 3-ны өдөр Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн.
  • Үүнээс гадна орон нутагт орон сууц худалдан авч байгаа зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй болгожээ.
  • Одоогоор арилжааны банкууд ипотекийн зээлээ хэвийн олгож байна. Хаан банканд зээлийн хүсэлтээ гаргаснаас хойш 6-8 сар, Голомт банк 10-12 сард шийдвэрлэж өгч байгааг холбогдох мэргэжилтэн хэлж байна.

Орон нутаг болон Улаанбаатар хотын Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний 3 жилд төсвөөс санхүүжүүлэх юм байна. Мөн дараа жилээс эхлэн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлнэ. Одоогоор Монголбанк тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйг Сангийн сайд хэлж байна.

Өнгөрөгч зуны саруудад орон сууцны ипотекийн зээл удаашралтай зогсонги байдалд ороод байсан. Тэгвэл 9-р сараас эхлэн ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа гэдгийг холбогдох мэргэжилтэн болон арилжааны банкууд хэлж байгаа ч бодит байдал дээр иргэд ипотекийн зээлийн хүсэлтээ өгөөд 1-2 жилийн дараа шийдвэрлэж байгаа гэдгийг хэлж байна.

Нэг жилд ойролцоогоор 13.000 орчим ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкуудад ирдэг байна. Үүнээс 50 орчим хувь буюу 5.000-6.000 орчим хүсэлтийг шийдвэрлэж хүлээн авдаг. Харин үлдсэн хүсэлтийг дараа жилийн санхүүжилтийн эх үүсвэрээр шийдэж өгөх зарчмаар явдаг байна. Ингэснээр арилжааны банкуудад өгсөн зарим ипотекийн зээлийн хүсэлт 1 жил орчмын дараа шийдэгдэх тохиолдлууд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх хүсэлтэй иргэд D-Petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системээр дамжуулан санал хүсэлтээ өгч болох юм байна.