Далайд гарцгүй улс орнуудын хувьд бараа бүтээгдэхүүнээ гуравдагч оронд экспортлох эсвэл импортын ачаа барааг зөөвөрлөхөд далайн эрэг бүхий улс орнуудтай харьцуулахад 2 дахин их цаг хугацаа шаарддаг. Үүнээс шалтгаалж тээврийн зардал ч мөн нэмэгддэг. Тэгвэл манай улсын ихэнх ачаа, барааг дамжуулан тээвэрлэдэг “Тяньжин” боомт дахь чингэлгийн бөөгнөрлийг сааруулахын тулд “Жинжөү” боомтыг ирэх оноос ашиглахаар болжээ.
Манай улс шиг далайд гарцгүй, өргөн уудам нутагтай, дэд бүтэц сул хөгжсөн газарт тээврийн салбар хамгийн чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, тээврийн зардал өндөр бол эдийн засаг өсөх боломж саарах сөрөг үр дагавартай. Тиймээс төмөр замын холболтыг яаралтай хийх хэрэгтэй байна.
“Жайка” олон улсын байгууллагаас манай улсын олон салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Тэгвэл сүүлийн үед хөрөнгө оруулалтыг тээвэр логистикийн салбар луу татах хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байсан юм.
Импортын ачаа бараа “Тяньжин” боомт дээр уддаг. Үүнээс шалтгаалж тээврийн зардал ч нэмэгддэг байна. Тэгвэл тус боомтод үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг багасгахын тулд БНХАУ-ын “Жинжөү” боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон хоёр дахь гарцтай болох талаар салбарын яам ажиллаж байна.
Монгол улс нь импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг БНХАУ-ын далайн боомтуудаар тэр дундаа “Тяньжин” боомтоор дамжуулан тээвэрлэдэг юм.