АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд 60 тэрбум, Израилд 14 тэрбум ам.долларын тусламж өгөх боломж эрэлхийлж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд 60 тэрбум, Израилд 14 тэрбум америк.долларын тусламж үзүүлэх хүсэлтийг конгрессын танхимд илгээхээр төлөвлөж байна. Гэхдээ тэрбээр Украинд илгээхээр төлөвлөж байгаа 60 тэрбум америк долларын тал хувийг АНУ-ын зэвсгийн нөөцийг өөрчлөн шинэчлэхэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Түүнчлэн Жо Байден Израил-газын зурвасын дайны хөлд нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх 10 тэрбум америк.долларын хүмүүнлэгийн тусламжийн багцийг конгрессын танхимд илгээх хүсэлтдээ багтааснаас гадна хилийнхээ аюулгүй байдлыг хангахад 14 тэрбум америк.долларыг төсвөөс нийлүүлэх боломжийг мөн эрэлхийлж байна. Энэ нь Доналд Трампын санаачилсан хилийн ханыг үргэлжлүүлэн босгохтой холбоотой юм гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Жо байден Израилын армийн Палестины зэвсэгт бүлэглэлийн эсрэг эхлүүлсэн дайн байлдааны ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нөгөө талд Украины армийн тэмцлийг цааш үргэлжлүүлэхийн тулд конгрессын танхимаас “Засгийн газрын нэмэлт зардлын тухай хуулийг” яаралтай батлахыг хүсэх төлөвтэй байна.

АНУ-ын үндсэн хуулийн дагуу гүйцэтгэх засаглалын зарцуулалтад конгрессын танхим хяналт тавьдаг. Тэгвэл өнгөрсөн онд европын газар нутагт дайн эхэлснээс хойш Жо Байдены засаг захиргаа болон АНУ-ын конгрессын танхим Украинд хүмүүнлэг, санхүү, цэргийн дэмжлэгийг багтаасан 75 тэрбум гаруй америк долларын тусламж үзүүлээд байгаа тухай килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Өнгөрсөн 19 сарын хугацаанд Жо Байдены засаг захиргаа Украинд Абрамс байлдааны танк 30 гаруйг, Зенитийн пуужин, эргийн хамгаалалтын хөлөг онгоц, дэвшилтэт тандалт, Радарын систем зэрэг батлан хамгаалах салбарын хүчин чадал өндөр техник хэрэгслүүдийг нийлүүлжээ.

Түүнчлэн өнгөрөгч 7-р сард Жо Байдены засаг захиргаа сум нь тэсрээгүй үлдсэн тохиолдолд дараа нь энгийн номхон иргэдэд аюул учруулдаг тул дэлхийн дийлэнх улсад хориглосон байдаг Кластерын их бууны сумыг Украинд нийлүүлсэн бол өнгөрсөн сард алсын тусгалт пуужингийн системийг мөн нууцаар илгээсэн зэрэг нь саяхан ил болсон юм.