Өчигдөр зөвхөн Төв Азийн нутгаар буюу дэлхийн 12 улсад суурьшин тархсан цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиосон. Өнөөдрийн байдлаар манай улсад 953 ирвэс байгаа бөгөөд уг амьтны тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна. Дэлхий дахинаа ховордож, зайлшгүй хамгаалах шаардлагатай болоод байгаа тус амьтныг урлагаар дамжуулан олон нийтэд таниулж, хамгаалах ажлыг өргөжүүлэхээр “Ирвэсийн эх нутагт” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн өчигдөр нээгдсэн байна.
Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнасан 328.000 км квадрат газар нутагт 806-1127-ийн хооронд буюу ойролцоогоор 953 ирвэс тархан амьдарч байна гэсэн судалгаа байна. Дэлхийд нийт 4000 ирвэс амьдардаг. Төв Азийн нутгаар суурьшин тархсан, улаан номонд бүртгэлтэй ирвэс нутагладаг газрын байгаль нь онгон төрхөөрөө байна гэж үздэг байна.
Тиймээс цоохор ирвэсийг хамгаалах нь нэг амьтан хамгаалах асуудал биш бөгөөд байгалийн эко системийг бүхэлд хамгаалж байгаа чухал ач холбогдолтой байна. Үүнд мэргэжлийн дүрслэх урлагийн уран бүтээлчид нэгдэж анх удаа цоохор ирвэсийн сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэнг гаргажээ.
Үзэсгэлэнд нийт 45 уран бүтээлчийн 53 бүтээл тавигдсан байна. Тухайлбал, үзэсгэлэнгийн Ерөнхий куратор, медиа Бат-Эрдэнийн “Агула” нэртэй бүтээлийг сүүлийн 2 жилийн турш Монгол орны нутаг дэвсгэрээс олсон ангийн хавхаар хийжээ.
Мөн үзэсгэлэнд Байгалийн түүхийн музейгээс цоохор ирвэсийн арьсаар хийсэн чихмэлийг байрлуулсан нь илүү бодит мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэх зорилготой байна. Үзэсгэлэнг 10-р сарын 28-ныг дуустал Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимаас үзэх боломжтой