НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгож нэмэгдүүлэх нь иргэдийн бодит орлогод төдийлөн дэмжлэг болж чадахгүй гэж эдийн засагчид үзэж байна

Нэмэгдсэн өртөгийн албан татварын буцаан олголт 2 хувь байгааг 5 хувь болгож нэмэгдүүлэх санал асуулгыг өнгөрөгч 7 хоногт “Нийтийн Өргөдөл, Гомдлын Систем”-ээр дамжуулан иргэдээс авч эхэлсэн. Одоогоор 100.000 гаруй иргэн саналаа өгөөд байгаа тул уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болж байгаа юм. Тэгвэл нэмэгдсэн өртөгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх нь боломжгүй гэдгийг Сангийн Сайд удаа дараа мэдэгдээд байгаа. Түүнчлэн эдийн засагчид ч энэ нь улсын төсөвт дарамт учруулах төдийгүй иргэдийн бодит орлогод төдийлөн дэмжлэг болж чадахгүй гэж үзэж байна.

НӨАТ-ын урамшууллыг нэмлээ гэхэд иргэдийн амьдралд нэмэр болохуйц дорвитой орлого болж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн нэг сард 500.000 төгрөгийн худалдан авалт хийвэл 2 хувийн буцаан олголтоор 9.090 төгрөг авдаг юм. Харин 5 хувь болгоно гэвэл нэг сард 22.727 төгрөгийг авна гэсэн үг юм. Тиймээс нөат-ын урамшууллын хэмжээг нэмэх замаар биш бусад татварын бодлогоор иргэдийнхээ ажилтай, орлоготой байх боломжийг дэмжих нь зүйтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Өндөр орлоготой иргэдийн худалдан авалтын мөнгөн дүн ч их байна. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээ  өндөр тооцогдож улсын төсөвт ч дарамт учруулах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгоё гэвэл ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Нэмэгдсэн өртөгийн албан татварын системийг дэлхийн 175 улс нэвтрүүлсэн байдаг. Энэхүү татварын систем нь далд эдийн засгийг ил болгох мөн бусад татвараа бодвол хяналтын үүргийг илүүтэйгээр биелүүлдэг байна. Үүнээс гадна манай улсын төсвийн 24-27 орчим хувийг нөат нь бүрдүүлдэг юм.