Манай улсад жилд 4 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог байна. Сүүлийн жилүүдэд ялангуяа жирэмсэн эхчүүд хорт хавдраар оношлогдох тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс хавдар судлалын үндэсний төвөөс эмэгтэйчүүдийн жирэмсний эхний гурван сард багтаан хавдрын эсийн шинжилгээг авдаг болох зөвлөмжийг өрх, сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэхээр болжээ.
- Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.500.000 орчим эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл орж байна
- Жилд дунджаар 350-400 орчим эмэгтэй буюу дөрвөн эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байна
- Манай улс 2012 оноос эхлэн 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг 3 жил тутамд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулдаг болжээ. Ингэснээр хавдрын эрт илрүүлэлтийн хувь 10-20 орчим хувиар нэмэгдсэн байна.
- Мөн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гурван жилийн өмнөөс эхлэн 9-13 насны насны охидыг сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулдаг болсон байна
Сүүлийн жилүүдэд жирэмсэн эмэгтэй болон нярай хүүхэдтэй ээжүүд хорт хавдраар өвчлөх тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болжээ. Иймд жирэмсэн эмэгтэйчүүдийг эхний гурван сарын дотор хавдрын эсийн шинжилгээнд хамруулах зөвлөмжийг хавдар судлалын үндэсний төвөөс анхан болон дунд шатлалын эмнэлгүүдэд хүргүүлжээ.
Нэг өрхийн эмнэлэг жилд дунджаар 400-500 орчим эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг байна. Харин одоогийн нөхцөл байдалд өрхийн эрүүл мэндийн төвүүд жирэмсэн эмэгтэйд хавдрын эсийн шинжилгээг хийх нарийн мэргэжлийн эмч ажилтан дутмаг байгааг хэлж байна.
Уг өвчнийг эрт оношилж чадвал төгс эмчлэгдэх бүрэн боломжтой юм. Харин зарим иргэдийн хувьд эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас шалтгаалан энэ төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдах явц муу байдаг. ДЭМБ-аас гаргасан зорилтод 2030 он гэхэд дэлхий дахинд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн тоог бууруулж нэг ч эмэгтэйг тусгахгүй гэсэн зорилт тавьжээ. Манай улсад ч мөн адил эрт илрүүлгийн хувь сайжирч байгаа тул энэхүү өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.