Япон улсыг зорих гадаадын жуулчдын тоо хэмжээ дэлхий дахинд цар тахал дэгдэхээс өмнөх түвшинд эргэн очиж, урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй их хэмжээний мөнгөн урсгалыг эдийн засагт нь цутгаж байна. Японы мөнгөн тэмдэгт иений ханш сүүлийн 33 жилийн доод үзүүлэлтэд хүрснээр жуулчид хямд өртгөөр аялах боломжийг эдэлж, олноороо тус улсыг зорих болжээ.
Иений ханш суларснаар жуулчид илүү хямд өртгөөр аялж байгаа нь Японы эдийн засагт эерэг өөрчлөлтүүд авчирч байна. Япон улс өнгөрсөн 7-9 саруудад нийт 8 сая орчим жуулчин хүлээн авсан нь дэлхий дахинд цар тахал дэгдэхээс өмнөх түвшинд эргэн хүрснийг холбогдох албанаас мэдээлсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд л Япон улс 2 сая 700 мянган гадаадын жуулчин хүлээн авсан нь 2019 оны мөн үеийн үзүүлэлтийн 96 хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт юм.
Японы Засгийн газар өнгөрсөн онд “Ковид”-ын хорио цээрийн дэглэмээ цуцлан, хилээ бүрэн нээж, визгүй зорчих улс орнуудын тоог нэмэгдүүлсэн нь жуулчдыг татах гол шалтгаан болсон юм. Хэдийгээр хууль тогтоогчид хязгаарлалтын арга хэмжээг цуцалсан ч цар тахлын он жилүүдэд олон бизнесүүд дампуурч, ажиллах хүчний хомсдолд хэдийн нэрвэгдсэн ч үйлчилгээний салбарынхан нь жуулчдын хэт ачаалалд дарагдан маш завгүй ажиллаж байна.
Өнгөрсөн 9-р сард зөвхөн АНУ, Өмнөд Солонгос, Сингапурын иргэд нийт аялагчдын 70 орчим хувийг бүрдүүлсэн нь урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй ховор тохиолдол болжээ. Жуулчдын урсгал эргэн нэмэгдэж байгаа нь Японы нэрд гарсан аялал амралтын газруудад ихээхэн дарамт болж байна. Жуулчдын хэт төвлөрлийн уршгаар байгаль орчин бохирдож, аюулгүй байдлын асуудал эрх баригчдын толгойн өвчин болж байгаа төдийгүй гэмт хэрэг, зөрчлийн гаралт ч мөн даган өссөн байна. Түүнчлэн аялагчдын урсгал эргэн нэмэгдсэнээр нийтийн тээврийн ачаалал туйлдаа хүрч, Токио, Киото, Имави зэрэг хотуудад жуулчдын оргил ачааллын үед нэмэлтээр такси, автобус үйлчилгээнд явуулж байгаа бол Засгийн газраас нь аялал жуулчлалын компаниудад хандаж жуулчдыг хөдөө тосгод руу зорчих багц санал болгохыг уриалжээ.