БНХАУ-ын сөнөөгч онгоцнууд сүүлийн хоёр жилийн хугацаанд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт иргэний агаарын тээврийн нислэгт зориудаар саад учруулж, эрсдэлтэй жолоодлого ихээр үйлдсэн гэж Пентагоноос буруутгажээ. Түүнчлэн БНХАУ-ын сөнөөгч онгоцнууд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт эрсдэлтэй маневр хийж байгаа нь АНУ болон тэдний холбоотнуудад шахалт үзүүлэх зорилготой гэж Пентагоны албан тушаалтнууд таамаглаж байна.
Хятадын сөнөөгч онгоцнуудын эрсдэлтэй маневр, жолоодлого нь санамсаргүй үйлдэл биш, нэг хэлбэрийн өдөөн хатгалга гэж ойлгож байгааг Пентагоны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн албан тушаалтан хэлжээ. Мөн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч "БНХАУ энэ зан үйлээ зогсоож чадна, зогсоох ёстой" гэдгийг ч хатуу анхааруулсан байна.
Тэгвэл АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Дэлхий даяар цэргийнхэн өдөр бүр тогтмол туршилтын нислэг үйлддэг. Мөн энэхүү нэгэн төрлийн сургалтын нислэгүүдийн дийлэнх нь бусдад аюул занал учруулдаггүй байсан бол 2023 он гарснаас хойш Хятадын сөнөөгч онгоцнууд 180 гаруй удаа Энэтхэг-Номхон далайн бүс нутагт эрсдэлтэй маневр хийж байгаа нь цэвэр өдөөн хатгалгын шинжтэй байна.” хэмээн хэлжээ.
АНУ-Хятадын харилцаа сүүлийн 40 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Гэхдээ ирэх сард Сан Франциско хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцвол хоёр улсын төрийн тэргүүн дээд хэмжээний уулзалт хийх боломжтой гэж шинжээчид дүгнэж байна.