Нийслэлд өвлийн галлагааны эд үед нарийн ширхэгт pm2.5 хэмээх тоосонцор нь ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.1 дахин өндөр хэмжээнд хүрдэг бөгөөд энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон өвчнөөр өвчлөхөд хүргэдэг байна. Уг нь гэр хорооллын айл өрхүүдийн ядаж л 20 хувийнх нь халаалтыг цахилгаанаар шийдчихэд агаарын бохирдол 20-30 хувиар буурна гэсэн тооцооллыг холбогдох албаныхан мэдээлж байна.
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээр 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Шахмал түлшнээс ялгарч буй угаарын хий, үнсний хаягдал зэрэг нь агаар орчныг бохирдуулахаас гадна эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна. Мөн түлшийг хэрэглэж эхэлсэн 2019 оноос хойш энэ оны зургаан сар хүртэлх хугацаанд нийт 147 хүн угаартаж нас барсан байна. Тодруулбал
-
2019-2020 онд 2568 хүн угаартаж 15 нь нас барсан
-
2021 он 491 хүн угаартаж, 60 нь нас барсан
-
2022 он 457 хүн угаартаж, 26 нь нас барсан
-
2023 оны эхний есөн сарын байдлаар 1821 хүн угаартаж, 54 нь нас баржээ.
Энэхүү статистик мэдээллээс харахад түлшний чанар стандартад зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Мөн иргэдийн мэдээлж буйгаар галлагаа хийх үеэр үнс бужигнах тортог ихээр гарах, хүхэр үнэртэх гэх мэт хүндрэлтэй нөхцөл байдал тулгардаг. Ингэснээр толгой эргэх, хоолой хорсох, зэрэг зовуурь илэрдэг гэсэн юм.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор зарим дүүргийн айл өрхүүдийг цахилгаанаар халаах, дулаан алдагдлыг нь сайжруулах, хагас кокосжсон нүүрс ашиглах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэрэв
-
Хагас кокосжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлбэл 50 хувь
-
Гэр хорооллын 200.000 орчим өрх нэгдсэн байдлаар гэр, байшингийн дулаалгаа сайжруулбал 20-30 хувь
-
40.000 орчим айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэл мөн 20-30 хувиар агаарын бохирдол буурна гэж холбогдох албаныхан үзэж байна.
Галлагааны улирал эхэлж байгаатайгаа холбоотойгоор эрүүл мэндээ хамгаалж амны хаалт зүүх, гэрийнхээ зуух яндангийн бүрэн бүтэн байдлаа шалгах нь чухал гэдгийг иргэд хэлж байна.