Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ цар тахлын өмнөх үеэс 2 дахин нэмэгдсэн байна. Тиймээс иргэд хоногийн хоолоо залгуулахын тулд дэлгүүрээс зээл авах тохиолдол их байгаа талаар худалдаа эрхлэгчид мэдээлж байна. Иргэд өдөрт дунджаар 30-40 орчим мянган төгрөгт багтаан хүнсний наад захын хэрэгцээний зүйлсээ зээлээр авдаг болжээ.
Гэр хорооллын бүсэд байрлах дэлгүүрийн зөвхөн нэг нүүр өрийн тэмдэглэл ойролцоогоор хоёр сая төгрөг болж байна. Иргэд сар орчмын хугацаанд дэлгүүрээс хоол хүнсний бараа бүтээгдэхүүн зээлээр авч хүүхдийн мөнгө буух үеэр, эсвэл сарын сүүлийн цалингаасаа зээлээ эргүүлэн төлдөг байна. Зарим тохиолдолд эргүүлэн төлөх чадваргүй удаан хугацаанд нэхүүлэх тохиолдол ч цөөнгүй гардаг талаар худалдаа эрхлэгчид мэдээлж байна.
Зарим иргэдийн хувьд авч буй цалин нь хоол хүнсээ авахад ч хүрэлцдэггүй. Ажлын хөлс нь хаанаа ч хүрэхгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тусам тэдний худалдан авах чадвар өдөр ирэх тусам муудсаар байна. Мөн төр засгийн шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтэй хүмүүс нийслэл хотод энэ мэт хэцүү амьдралтай олон хүмүүс байдаг гэдгийг мэдэх хэрэгтэйг хэллээ.
Худалдаа эрхлэгч хэлэхдээ иргэдэд зээлсэн өрөө нийтээр нь авбал дахин эргэлтэд оруулж ашиг орлого олох боломж бүрдэнэ. Гэвч иргэдийн боломж бололцоог мэддэг учир зээл өгөхөөс аргагүй байдалд хүрдэг талаар мэдээлж байна.