Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой боловч манай улсын эрчим хүчний салбар 20 хувийн дутагдалтай байна. Үүнтэй холбоотойгоор тус салбарын мэргэжилтнүүд жил бүрийн өвлийн улиралд лаа, чүдэнзээ бэлд гэж иргэдэд сануулж, зөвлөдөг. Тэгвэл энэ жилийн хувьд ч дулааны цахилгаан станцууд ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалтай байгаа хэвээр байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Сүүлийн 20-30 жилд олон барилга байгууламжууд нэмэгдсэн ч дулаан хангамжийн станц шинээр баригдаагүй 25 жилийн нүүрийг үзэж байна. Иргэдийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж үүнийг дулааны станцууд дийлэхгүй байгаа энэхүү нөхцөл байдлаас харвал өвөл орон сууцанд амьдардаг иргэд дулаан хангамжийн дутагдалд орох эрсдэлт нөхцөл байдал бүрдсэн гэдгийг салбарын инженерүүд мэдээлж байна.
Эрчим хүчний салбарын алдагдал нь олон хүчин зүйлээс үүддэг гэж тус салбарын төлөөллүүд тайлбарладаг. Жишээлбэл, салбарын хараат бус байдал алдагдсан, үнийн тарифыг тогтооход төрийн оролцоо ихтэй байдаг. Үүнээс шалтгаалж станцууд цахилгаан үйлдвэрлэсэн үнээсээ бага үнээр хэрэглэгчдэд борлуулах зэрэг асуудал тулгардаг байна.
Дулааны цахилгаан станцууд олон жилийн насжилттайн дээр нийт тоног төхөөрөмжийн 40 хувь нь элэгдэлд орсон байдалтай байгаа. Гэтэл дулааны эрчим хүч нь бодит өртгөөсөө 2-4 дахин бага өртгөөр хэрэглэгчдэд хүрдэг тул тус салбарын алдагдлыг арилгаж, тоног төхөөрөмжийг сайжруулах цаашлаад дулааны цахилгаан станцуудыг шинээр барьж байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байна.