ОУВС: 2023 онд Японы ДНБ-ий хэмжээ буурч, дэлхийд 4-р байрт буюу Германы ард эрэмбэлэгдэх төлөвтэй байна

2023 онд Японы дотоод нийт бүтээгдэхүүний хэмжээ буурч, америк.долларын үнэлэмжээр дэлхийд 4-р байрт буюу Германы ард бичигдэх төлөвтэй байна. Иенийн ханшийн уналттай холбогдуулан Герман дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Японыг гүйцэж, 3-р байрт эрэмбэлэгдэх тооцооллыг Олон улсын валютын сангаас гаргажээ.

Өнгөрсөн онд Украины дайн эхэлсний дараа Европын холбоо ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хориг тавьсны дараа Герман улс үнийн өсөлтийн дарамтад өртөж, улмаар инфляц нь 10 хувьд хүрээд байсан юм. Инляцын өсөлтөөс шалтгаалан Еерманы нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурах төлөвтэй байгаа тухай өмнө нь шинжээчид мэдээлж байсан ч 2023 он гарсаар Герман улсад инфляц тогтвортой, зогсолтгүй буурчээ. Харин Япон нь дэлхийн 3 дахь том эдийн засагтай улсаар сүүлийн 10 гаруй эрэмбэлэгдэж байсан бол иенийн ханшийн уналтаас шалтгаалж оны эцэс гэхэд 4-р байр луу унах тооцооллыг ОУВС-аас гаргажээ.

Геопилитикийн тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж, инфляцыг хяналтдаа авах олон нарийн төвөгтэй шийдвэрийг гаргаж, америк.долларын нийлүүлэлтийг сааруулсан юм. Харин Японы төв банкны бодлого тодорхойлогчид зээлийн хүүгээ эсрэгээр нь сулруулж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үндэсний валют болох иенийн америк.доллартой харьцах ханш суларч, сүүлийн 30 гаруй жилийн хамгийн доод үзүүлэлтдээ хүрээд байгаа юм. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэний уршгаар Япон улсад эрэлт өндөр түвшинд хадгалагдсан ч дайн, нийлүүлэлтийн сүлжээний хямрал зэргээс шалтгаалж импорт тасалдаж, дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр инфляцын дарамтад өртжээ.

Түүнчлэн ОУВС-ийн эдийн засагчид 2026 он гэхэд Энэтхэг улсыг дотоод нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Японыг ч гүйцэж, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай таван орны нэг болох боломжтой гэж тооцоолжээ. Өнгөрсөн онд Энэтхэгийн хүн ам 1.4 тэрбумыг давж, Хятадыг ардаа орхисноор дэлхийн хамгийн их хүн амтай улс болсон юм. 1968 онд Япон улс дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ тухайн үеийн Баруун Германыг гүйцэж, АНУ-ын дараа буюу дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж, 2010 он хүртэл дэд байрт бичигдэж байжээ. Харин зах зээлээ либералчилсныхаа үр шимийг хүртсэн БНХАУ 2010 онд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж байжээ. 2023 онд японы нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 4.23 их наяд америк.доллар болж, өмнөх оны үзүүлэлтээс 0.2 хувиар буурах тооцоолол гарсан бол Германы ДНБ-ий хэмжээ 4.43 их наяд ам.доллар буюу өмнөх оны үзүүлэлтээс 8.4 хувиар өсөх төлөвтэй байна.