Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Газын зурваст хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Газын зурваст хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Өчигдөр тэрээр Ойрх Дорнодын бүс нутгийн 5 улсын төр, засгийн тэргүүнтэй утсаар ярьсан бөгөөд хүмүүнлэгийн хямрал нүүрлэхээс өмнө талуудад гал зогсоох шахалтыг үзүүлсэн байна.

Даваа гарагт Владимир Путин Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярих үеэрээ “ОХУ гал зогсоох яриа хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаа” гэдгээ уламжилжээ. Тэрээр "Палестин-Израилын сөргөлдөөнийг зогсоож, улс төр, дипломат арга замаар, энхийн төлөвлөгөөний дагуу хурцадмал байдлыг зохицуулахын" төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа цохон тэмдэглэжээ.

В.Путин Иран, Египет, Сири, Палестины эрх баригчидтай хийсэн яриа хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд танилцуулсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Гал зогсоож, тусламж хэрэгтэй байгаа бүх хүмүүст яаралтай тусламж үзүүлэхийн тулд хүмүүнлэгийн зорилготой эвлэрлийн хэлэлцээр байгуулах шаардлагатай байгаа гэдэгт Ойрх Дорнодын улсуудын төрийн тэргүүнүүд санал нэгдсэнийг Дмитрий Песков онцолсон байна. В.Путин Израил-Хамасын мөргөлдөөн бүс нутгийн улсуудыг хамарсан томоохон дайн болж хувирах эрсдэлтэйг удирдагч нарт анхааруулсан байна. Харин Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа хямрал дэлхий нийтийн анхаарлыг Орос-Украины дайнаас өөр тийш хандуулж, Москва мөргөлдөөнийг зохицуулагч мэтээр өөрийгөө харуулах боломжийг олгосныг шинжээчид шүүмжилжээ.

В.Путин мөн Сирийн ерөнхийлөгч Башар Асад, Палестины удирдагч Махмуд Аббас, Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах Аль-Сиси нартай ярилцаж, Газын зурвасаас Оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Даваа гарагт ОХУ-ын ГХЯ-ны Дэд сайд Сергей Рябков В.Путинд хандан Газын зурвасын нөхцөл байдал хүндэрч, мөргөлдөөн бүхэлдээ хяналтаас гарах аюул өндөр байгаа явдалд үнэхээр эмээж байгаа” гэдгээ хэлсэн байна.