Өнгөрөгч даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо гарсан зэвсэгт халдлагын уршгаар Шведийн хоёр иргэн амиа алдаж, нэг хүн хүндээр шархадсан байна

Өнгөрөгч даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо гарсан зэвсэгт халдлагын уршгаар Шведийн хоёр иргэн амиа алдаж, нэг хүн хүндээр шархадсан байна. Бельгийн хууль сахиулагчид халдлагыг терроризм гэж тодорхойлсноо хэвлэлд мэдэгджээ.

Даваа гарагт Брюссель хотноо Евро-2024 тэмцээний урьдчилсан шатны тоглолт Бельги-Шведийн хөл бөмбөгийн шигшээ багуудын хооронд болсон юм. Харин тоглолтын эхний хагас өндөрлөж, завсарлагын үеэр дээрх зэвсэгт халдлага цэнгэлдэхээс холгүй орших гудамжинд үйлдэгдсэн байна. Улмаар Бельгийн хууль тогтоогчид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, аюулын түвшнийг нэмэгдүүлжээ.

Улбар шар өнгийн хүрэм өмссөн буутай этгээд скүүтер унан зугтсан төдийгүй Бельгийн хууль тогтоогчид сэжигтнийг олж тогтоосон эсэхэд албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан хэвээр байна. Мөн Брюссель хотын захирагч терроризмын эсрэг сэрэмжлүүлгээ 4-р зэрэгт хүргэж, иргэдийг эрсдэлтэй гудамж, талбайгаар зорчихгүй, гэртээ үлдэхийг уриалжээ.

Зэвсэгт халдлагын дараа Шведийн хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогчид үргэлжлүүлэн тоглохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Улмаар Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Олон нийтийн цахим сүлжээнд нэгэн исламын шашинт эрэгтэй араб хэлээр ярьж, халдлагын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа тухай нийтлэгджээ. Мөн халдлага гарсны дараа цахим орчинд тарсан дүрс бичлэгт дөрвөн удаа буун дуу гарсан төдийгүй сэжигтэн богино хугацаанд зугтаж байгааг буулгажээ.