Монголын кино салбарт гадаад харилцааг өргөжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилготой Улаанбаатар Олон улсын кино наадам 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус наадмын нээлтийн үзвэрээр Венецийн олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн “Сэр сэр салхи” уран сайхны кино сонгогдсон байна. Мөн нээлтийн үеэр гол дүрийн жүжигчний шагналыг албар ёсоор гардууллаа.
Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадам 10-р сарын 16-22-ны хооронд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн нээлтийн үзвэрээр “Сэр сэр салхи” уран сайхны кино сонгогджээ. Тус кино нь дэлхийн нэр хүндтэй Венецийн олон улсын наадмын “Орризонти” хэсэгт Монгол улсаас анх удаа сонгогдоод зогсохгүй шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн юм.
Тэгвэл нээлтийн үеэр Тэргэлд шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний хар арсланг албан ёсоор гардуулан өглөө. Мөн тус киног 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол улсыг төлөөлөн оролцуулахаар сонгосныг үндэсний кино урлагийн зөвлөлөөс албан ёсоор зарласан юм.
Мөн Улаанбаатар Олон улсын кино наадмын өдрүүдэд “Баавгай болохсон”, “Шар гэгээ”, “Алдагдсан өдрүүд”, “Бүүвэй” гэсэн дөрвөн бүтээлийг “Монгол кино хөтөлбөр”-т багтаажээ.
Улаанбаатар кино наадам нь кино үзвэрээс гадна олон улсын кино форум, “Авдраа уудал” гэх сургалтыг дэлхийн шилдэг уран бүтээлчдийг урьж зохион байгуулдаг. Ингэснээр цаашид дэлхийн томоохон кино наадмуудын чансаанд дүйцэхүйц наадам болгоход алхам алхмаар ойртуулж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Энэ жилийн хувьд олон улсын 10, онцлох орон болох Швейцар улсын гурав, баримтат гурав, Монголын дөрөв, "Үзэхийн хязгаар" хэсэгт багтсан нэг болон нээлтийн үзвэр зэрэг нийт 22 уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байна. Мөн нээлтийн үеэр дотоодын шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах Хангарьд шагналыг эздийг 11 төрөлд тодруулсан юм.