Макро эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна    

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлтийн хурдац харьцангуй буурсан байна. Гэсэн ч цаашид улирлын шинж чанартайгаар инфляцын түвшин нэмэгдэх төлөвтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

  • 2023 оны эхний есөн сарын гүйцэтгэлээс харвал улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар өсжээ.
  • Мөн гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны 9 дүгээр сартай  харьцуулахад 77 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
  • Эдгээр үзүүлэлтийг харвал үндсэндээ макро эдийн засаг сайжирч, өсөлт ажиглагдаж байгаа боловч энэ нь инфляцын түвшинд төдийлөн нөлөөхгүй байна.
  • Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны 9-р сард 13.8 хувь гарсан бол энэ оны 9-р сарын байдлаар 10.1 хувь болж буурсан байна. Гэсэн ч энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ буурсан гэсэн үг биш, зөвхөн өсөлтийн хурдац саарсан үзүүлэлт юм.

Макро эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа ч иргэдэд шууд мөнгөн орлогоор дэмжлэг болж очиж чадахгүй байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн эсрэг Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүгээр дамжуулан хариу арга хэмжээг авдаг. Үүнтэй холбоотойгоор өмнө жилтэй харьцуулахад бараа, үйлчилгээний өсөлтийн хурд нь саарч байгаа ч энэ нь хангалттай хэмжээнд буурч чадахгүй байна.

Инфляцын түвшин өсөхөд хүнсний бараа, ундааны бүлэг голлон нөлөөлдөг. Тус бүлгийн бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь иргэдийн худалдан авалтад сөргөөр нөлөөлсөөр байна. Хоёр жилийн өмнө иргэд ихэвчлэн шуудайгаар нь буюу 40 килограммаар бөөндөж хүнсний ногоогоо худалдаж авдаг байсан бол одоо энэ хэмжээгээр авах хүн олддоггүй гэдгийг худалдаа эрхлэгчид хэлсэн байна.

Инфляцын түвшинд импортын барааны үнэ 35 орчим хувиар нөлөөлдөг. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогын хүүгийн нөлөөгөөр инфляцын түвшин саарч байгаа ч энэ нь хангалттай хэмжээнд иргэдийн худалдан авалтад нөлөөлөхгүй байна.