Өнгөрөгч мягмар гарагт Украины арми АНУ-ын илгээсэн армийн тактикийн пуужингийн системийг ашиглан ОХУ-ын Зэвсэгт хүчний байрлалд цохилт өгч, хэд хэдэн нисдэг тэрэг устгаснаа мэдээлсэн юм. Тэгвэл лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Бүс ба зам” чуулганы индрээс Вашингтоны тал Киевийн талд алсын тусгалт тактикийн баллистик пуужин нийлүүлж байгаа нь "АНУ-ын бас нэг алдаа" хэмээн мэдэгджээ.
Кремлийн тэргүүн Владимир Путин “160 гаруй километрийн зайг туулах чадвар бүхий армийн тактикийн пуужингийн системийг Украинд нийлүүлэх нь “ямар ч үр дүнгүй, харин ч тэдний зовлон зүдгүүрийг уртасгана” гэдгийг онцолсон байна.
В.Путин өнгөрсөн оны 2-р сард Украинд бүрэн хэмжээний эзлэн түрэмгийлэл эхлүүлснээс хойш Киевийн тал анх удаа алсын тусгалт пуужингийн цохилтыг дайсагнагч талдаа үзүүлсэн юм. Хэдийгээр В.Путин ийм төрлийн зэвсэг нь Москвагийн цэргийн тусгай ажиллагаанд хүндрэл учруулах боломжгүй гэж хэлж байгаа ч алсын тусгалт пуужингуудын цохилт орос цэргүүдийг дайны фронтоос ухрахад хүргэж болзошгүй гэж шинжээчид тайлбарлажээ. Учир нь хиймэл дагуулаас авсан зурагт Украины пуужингийн цохилтын дараа Оросууд нисэх онгоц, нисдэг тэргүүдээ Бердянск орчмоос татан авч байгаа нь харагдаж байгаа юм байна.
Кремлийн эрх баригчид өмнө нь нэг бус удаа Украинд алсын тусгалт пуужин нийлүүлэх нь алдаа байх болно гэдгийг анхааруулж байсан. Харин энэ долоо хоногт Украины арми Оросын армийн есөн нисдэг тэрэг, Зенитийн пуужингийн систем, сумны агуулахыг устгасан юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленський цохилт өгөхдөө Америкийн армийн тактикийн пуужингийн системийг ашигласнаа онцлоод пуужингийн цохилт байндаа амжилттай туссан талаар сайрхсан байна.
Өчигдөр В.Путин ану-ын Украины дайнд гүйцэтгэж байгаа үүрэг, оролцоог хурцаар шүүмжилснээс гадна мөн Цагаан Ордон Ойрх Дорнодын бүс нутаг дахь мөргөлдөөн даамжрахаас сэргийлж Газар Дундын Тэнгис, Израилын усан хилийн бүсэд сөнөөгч онгоц тээгчээ байрлуулсны хариу болгож хар тэнгис орчимд хэт авианы пуужингаар тоноглогдсон хязгаарлагдмал тооны сөнөөгч онгоц байршуулахаа мэдэгджээ. Тэрээр "Энэ бол аюул заналхийлэл биш гэдгийг би өмнө нь анхааруулсан, гэхдээ бид газар дундын тэнгист болж байгаа үйл явдлыг хяналтдаа байлгах, зэвсгийн хяналт тавих ажлыг хэрэгжүүлэх болно” хэмээн онцлон мэдэгджээ.