Жо Байден: 9-р сарын 11-ний өдрийн халдлагын дараа гаргасан АНУ-ын эрх баригчдын алдааг Израил улс давтахгүй

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израил улсын өөрийгөө хамгаалах үйлсэд тууштай дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Тэрээр Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Египт улсаар дамжуулан Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргүүлэх ам өгснийг уламжилсан байна. Түүнчлэн Цагаан Ордны тэргүүн Хамас зэвсэгт бүлэглэлийн халдлагын хариуд уур хилэнд авталгүйгээр, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг Израилын эрх баригчдад уриалжээ.

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хамас зэвсэгт бүлэглэлийн эсрэг дайн зарлаад байгаа Израил улсад нэг өдрийн төрийн айлчлал хийлээ. Тэрээр Израилын 1400 орчим иргэн Хамас зэвсэгт бүлэглэлийн пуужингийн цохилтод өртөж амиа алдсан явдлыг 9-р сарын 11-ний халдлагатай харьцуулан өгүүлжээ. Тэрээр “АНУ-д болсон 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа тус улсын эрх баригчид шударга ёсыг эрэлхийлж, түүнийгээ олж авсан гэх боловч эцэст нь тэдний гаргасан улс төрийн шийдвэрүүд нь бүхэлдээ алдаа байсан" гэж цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна.

Жо Байден Израилын Засгийн газрын гишүүд, танхимын төлөөлөгчидтэй хэдэн цаг хэлэлцсэнийхээ дараа газын зурвастай нийлсэн египетийн хилийн боомтыг нээх зөвшилцөлд хүрснийг онцолжээ.

Энэ цаг үед газын зурвасын энгийн номхон иргэдэд хоол хүнс, ус, эмнэлгийн хэрэгсэл нэн хэрэгцээтэй байгаа. Харин хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд газын зурвастай нийлсэн гурван хилийн боомтыг нээх шаардлагатай. Эдгээр хилийн гурван боомтын хоёр нь Израилын хяналтад байдаг бол нэг нь Египетийн эрхшээлд байдаг бөгөөд Израилын арми газын зурвасыг сүүлийн 11 хоногийн турш бүсэлж эрчим хүч, хоол хүнс, усны хангамжийг таслаад байгаа юм. 

Жо Байден "Өнөөдрийн энэ нөхцөл байдалд Палестины ард түмэн ч мөн адил маш их зовж шаналж байгаа. Газа хотын ард түмэнд хоол хүнс, ус, эм тариа, хоргодох орон байр хэрэгтэй. Бид олон мянган гэм зэмгүй Палестинчууд амиа алдсан явдалд маш их харамсаж байна” хэмээн хэлжээ.

Түүнчлэн Жо Байден АНУ-ын зүгээс Израилын аюулгүй байдлын хэрэгцээг үргэлжлүүлэн хангах амлалт өгснөөс гадна мягмар гарагт Газа хотын эмнэлэгт болсон аймшигт халдлагыг Израил бус Хамас террорист бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгажээ.

Тэгвэл лхагва гарагт Израилын ерөнхий сайдын ажлын алба “Цагаан Ордны тэргүүн Жо Байдены шаардлагын дагуу Египетээр дамжуулан газын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэхэд тус улсын зэвсэгт хүчин саад болохгүй" гэдгийг цохон тэмдэглэжээ.

Харин Нэгдсэн улсын ерөнхийлөгч өчигдөр орой Египетийн төрийн тэргүүнтэй утсаар ярьж, хоол хүнс, ундны ус, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэсэн 20 ачааны машиныг газын зурваст нэвтрүүлэх тохиролцоонд хүрсэн байна.