Өнөөдөр Нийгмийн хамгааллын салбарынхан ”Эрүүл Монгол хүн -Бүтэн гэр бүл” сэдэв дор орон гэргүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдний нийгмийн асуудлыг шийдэх боломж, гарц шийдлийг эрэлхийлсэн зөвлөгөөн зохион байгууллаа. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад орон гэргүй 2000 орчим иргэн бүртгэлтэй байна. Тэдгээр иргэдийг нийгмийн хамгааллын байгууллагууд нийгэмшүүлэх, бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих чиглэлээр ажилладаг боловч нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдсан нийт иргэдийн ердөө 5-7 орчим хувь нь энгийн амьдралдаа эргэн орж чаддаг байна. Иймд орон гэргүй иргэд олшрохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг түлхүү зохион байгуулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн зорилтот үйлчлүүлэгч иргэдийн 90 хувь нь архины хамааралтай байдаг. Нийт үйлчлүүлэгчийн 80 хувь нь эрэгтэй 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Тэдний архинд донтоход гэр бүл салалт, сэтгэл зүйн тогтворгүй байдал зэрэг нь нөлөөлдөг байна.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь сүүлийн найман жилийн хугацаанд 3000 гаруй иргэнийг үйлчилгээнд хамруулж 634 иргэнийг бичиг баримтжуулж, 1000 иргэнийг ажлын байранд зуучилж, 251 иргэнийг бие даасан амьдралд нь шилжүүлжээ.гэвч энэ хугацаанд 1700 орчим иргэн орон гэргүй болжээ. Тиймээс цаашид дахин иргэдийг орон гэргүй болохоос урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үйлчилгээнд анхаарах, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ түүний хор уршгийг нийтэд таниулах зэрэг ажлуудыг мэргэжлийн багууд эрчимтэй хийх нь чухал юм байна.
Архинд донтох эмгэгтэй иргэд сэтгэлийн хатгүй аливаа асуудлыг даван туулах эрүүл амьдралын дадалгүй, хариуцлагаас зугтаадаг сул дорой нэгэн болдог байна.