“Шунхлай” ХХК-ийн ШТС, “Акуа Гарден” хотхон, “S’Outlets” дэлгүүрийн барилгыг хэзээ нураах нь тодорхойгүй байна

Хотын шинэ дарга Х.Нямбаатар өмнөх засаг дарга Д.Сумъяабазарын гаргасан шийдвэр болох S’Outlets дэлгүүр, Алтай хотхоны урд байрлах Шунхлай ХХК-ийн салбар мөн “Акуа Гарден” хотхоныг нураах захирамжийг хэрэгжүүлэх төдийгүй ирэх 7 хоногт тус хотхоны 24 давхар барилгыг нураах гадаадын улсын гүйцэтгэгч компани ажиллуулах тендер зохион байгуулахаа  мэдэгдсэн.  Хэдийгээр нийслэлийн хоёр ч дарга нураана гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа  ч “Акуа Гарден” хотхоны барилгын ажил өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байна.

Өнгөрсөн 8 дугаар 31-ний өдөр “Акуа Гарден”, S Outlets, Шунхлай шатахуун түгээх станцын барилгыг нураах захирамжийг холбогдох ААН-үүдэд нь албаныхан танилцуулсан. Тус шийдвэрийг танилцуулах үедээ “Акуа Гарден” хотхоны барилгыг нураах зардалд ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийг зарцуулна гэж байсан юм. Мөн албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байлаа. Гэвч одоогоор “Акуа Гарден” хотхоны төсөл хэвийн үргэлжилж байна. Тус барилгыг хэзээ нураах мөн байр захиалсан иргэдийн хохирлыг хэн барагдуулах энэ төсөв нь хаанаас гарах зэрэг асуудал тодорхойгүй байгаагаас шалтгаалж тус барилгыг нурааж чадах уу гэсэн эргэлзээ олон нийтийн дунд үүсээд байна.

“Акуа Гарден” хотхоныг албадан буулгах ажлын төсөв өртөг, хохирлын хэмжээ зэрэг олон эргэлзээтэй асуудлын хажуугаар барилга байгууламж нураах нэгдсэн төлөвлөгөө мөн энэ чиглэлээр инженерийн боловсон хүчин ч байхгүй гэдгийг харж болохоор байна гэдгийг салбарынхан хэлж байна.

Тэгвэл “Акуа Гарден” төсөл нь хуулийн хүрээнд явагдаж байгаа гэдгийг тус төслийн захирал хэлж байна. Өөрөөр хэлбэл, газрын зөвшөөрлөөс эхлээд бүх зөвшөөрлийг хуулийн хүрээнд авсан гэдгээ илэрхийллээ.

Ер нь манай улсын барилгын салбарынхан нам барилга буюу 2-3 давхрын тоосгон байшингууд л нурааж байснаас өөр туршлагагүй. Харин “Акуа Гарден” хотхоны барилга 24 давхар бөгөөд манай улсад өмнө нь ийм хэмжээний өндөр барилга нурааж байсан туршлага байхгүй. Тиймээс өөр улсаас тус барилгыг нураах компанийг ирэх долоо хоногт шалгаруулах талаар хотын дарга мэдэгдээд байгаа юм.