Манай улсад гүтгэх үйлдлийг 2017 оноос эхлэн зөрчлийн хуулиар зохицуулж бол доромжлох үйлдэл нь одоогоор ямар нэгэн хуулийн зүйл заалтаар зохицуулагдахгүй байгаа юм. Өнгөрсөн онд доромжлох үйлдлийг эрүүгийн хуулиар зохицуулах хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан ч өнөөг болтол хэлэлцэгдээгүй байгаа юм. Хэрэв тус хууль хэлэлцэгдэж, батлагдвал иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Доромжлох болон гүтгэх үйлдлийг зайлшгүй эрүүгийн хуулиар зохицуулах шаардлага байхгүй гэдгийг НҮБ-аас дүгнэж манай улс 2017 оноос хойш гүтгэх үйлдлийг иргэний хэргээр шийдвэрлэдэг болсон. Тэгвэл доромжлох гэсэн нэр томьёог Эрүүгийн хуулиар шийдэх хуулийн төслийг өргөн бариад байгааг хэвлэл мэдээллийнхэн болон хуулийн салбарынхан эсэргүүцэж байна. Мөн олон улсын жишгээр бол ихэвчлэн коммунист дэглэмтэй улс орнууд л доромжлох, гүтгэх үйлдлийг эрүүгийн хуулиараа зохицуулдаг байна.
Өнгөрсөн онд ЗГ-аас УИХ-д Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар, “13.15 дугаар зүйл, “доромжлох” гэмт хэргийг нэмж “хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тусгажээ. Тэгвэл энэхүү заалт нь иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь дээрх заалтын дагуу ихэнхдээ улс төрчид болон нэр бүхий албан тушаалтнууд гомдол гаргадаг байна.