Өнгөрсөн даваа гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Швед улсын НАТО-д элсэх хүсэлтийг соёрхон батлуулахаар парламентын танхимдаа өргөн барьжээ. Ийнхүү Швед улс төвийг сахих уламжлалт бодлогоосоо татгалзаж, албан ёсоор Барууны цэргийн эвслийн гишүүн болох нь тодорхой болжээ.
Өнгөрөгч 7-р сард НАТО-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Шведийн цэргийн эвсэлд элсэх хүсэлтийг 10-р сард парламентдаа өргөн барих амлалтыг өгч байсан юм.
Даваа гарагт Туркийн Ерөнхийлөгчийн ажлын албаны мэдэгдэлд өгүүлснээр "Шведийн НАТО-д элсэх тухай протоколд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2023 оны 10-р сарын 23-нд гарын үсэг зурж, үндэсний ассемблэйд шилжүүллээ" хэмээсэн байна.
Тэгвэл Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон Эрдоганы шийдвэрийг талархан хүлээн авсан төдийгүй Туркийн парламент удахгүй нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа цахим хуудастаа нийтэлжээ.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Курдистаны Ажилчны намын гишүүдийг эх орондоо орогнуулж байгаа гэдэг шалтгаанаар Шведийн НАТО-д элсэх хүсэлтэд хориг тавиад байсан юм. АНУ, Турк, Европын холбоо нь Курдистаны ажилчны намыг террорист байгууллага гэж үздэг байна.
НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага гишүүнчлэлээ тэлэхийн тулд гишүүн улс бүр аливаа хүсэлтийг соёрхон батлах шаардлагатай байдаг юм.