Улаанбаатар-Дарханы замын шинэчлэлийн ажил 2019 онд дуусаж, ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан. Гэвч санхүүжилт болоод цар тахлын нөхцөл байдлын улмаас замын ажил таван жил үргэлжилсэн. Одоогийн байдлаар зам засвар гүйцэтгэлийн ажил бүрэн дуусаагүй байгаа юм. Бүрэн ашиглалтад ороогүй зам дээр жолооч нар хурд хэтрүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдээгүй зэргээс шалтгаалж автозамын осол гарах тохиолдол ихэсжээ.
Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө зам эвдрэл ихтэй зорчиход хүндрэлтэй байсан. 2018 онд хуучин замыг бүрэн хуулж сайжруулсан шороон замаар иргэдийг зорчуулж эхэлсэн. Дарханы зам ашиглалтад орох хүртэлх 5 жилийн хугацаанд 170 гаруй хүн амиа алдаж, 206 хүн хүндээр бэртэж гэмтжээ
Одоогийн байдлаар дарханы замын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа юм. Дөрвөн эгнээ зам бүрэн ашиглалтад орсноор 2800 орчим тэмдэг тэмдэглэгээ, камер зэргийг байршуулах юм байна. Ирэх 11-р сарын 10-нд зам бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Бүрэн ашиглалтад ороогүй засвар хийгдэж байгаа зам дээр тээврийн хэрэгслийн жолооч нар хурд хэтрүүлэх нь осол гарах шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна.
Улаанбаатар Дарханы замыг Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бүтээн байгуулж байгаа юм. 2019 онд замын бүтээн байгуулалтын таван хэсэг нийтдээ 219 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байжээ.