Хорт хавдрыг эмчлэх туяа эмчилгээний аппарат буюу шугаман хурдасгуур төхөөрөмж улсын хэмжээнд ердөө 2 ширхэг байдаг. Үүнээс үүдэн туяа эмчилгээнд орох шаардлагатай иргэд багадаа 1-2 сарын хугацаанд хүлээх шаардлага тулгардаг байна. Иргэд энэ хугацаанд өвчлөл хүндрэх, дараагийн шатандаа орох зэрэг хүндрэлүүд илэрдэг байна. Цаашид уг төхөөрөмжийг улсын хэмжээнд багадаа 10 болгон нэмэгдүүлэх шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүр байранд ордог уг өвчнийг гурван аргаар эмчилдэг бөгөөд үүний нэг нь туяа эмчилгээ юм. Хавдрын бүх үе шатанд туяа эмчилгээг хийх шаардлагатай байдаг. Мөн хавдрыг эмчлэх боломжгүй болсон тохиолдолд өвчний зовуурийг намдаах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор ашигладаг байна. Гэвч хорт хавдраар өвчилсөн иргэд туяа эмчилгээнд орохын тулд багадаа 1-2 сар хүлээх шаардлага тулгардаг. Энэ хугацаанд өвчин хүндрэх, дараагийн шатандаа орох зэрэг эрсдэл үүсдэг талаар иргэд ярьж байна.
Манай улсад зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний төхөөрөмж хоёр ширхэг байдаг. Үүнийг цаашид багадаа 10 болгож нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэснээр иргэдэд хүртээмжтэй хүрч үйлчлэх боломж бүрдэнэ. Гэвч туяа эмчилгээний төхөөрөмж дунджаар 4 сая еврогийн өртөгтэй. Нэг туяа эмчилгээний аппаратыг шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт стандартын барилга байгууламжид суурилуулахад ойролцоогоор 5 сая евро шаардагдах юм байна. Өртөг өндөр, аппаратыг байршуулах барилга, байгууламж байдаггүй зэргээс шалтгаалаад уг төхөөрөмжийн хүрэлцээг нэмэгдүүлж чаддаггүй байна.
Хэдийгээр туяа эмчилгээний аппаратын хүртээмжийн нэмэгдүүлсэн ч хүний нөөцийн дутагдал үүсэх эрсдэлтэй юм. Учир нь туяа эмчилгээ хийхэд дунджаар 10 эмч, 10 техникч, зэрэг гуч гаруй хүн оролцох шаардлага үүсдэг байна.