Эрдэмтэд Антарктидын мөсөн дор цаг хугацааны явцад хөлдсөн далд байгалийн тогтоц газрыг илрүүлжээ. Бельги улсын газар нутгаас ч том хэмжээтэй энэхүү тогтоц газар нь гүвээ толгод, гүн хөндий хэсгээс бүрдэж байгаа төдийгүй сүүлийн 34 сая гаруй жилийн турш огт хөндөгдөөгүй хэвээр байсныг олж тогтоосон байна.
Бельги улсын газар нутгаас ч бараг том энэхүү газрыг 34 сая гаруй жилийн настай гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд огт хөндөгдөөгүй хэвээр байсныг эрдэмтэд онцолжээ. Гэхдээ хүний буруутай хүчин зүйлээс үүдэлтэйгээр уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь мөсөн доорх байгалийн тогтоц газрыг ил гарах аюулд хүргэж болзошгүй гэж их британи болоод америк улсын судлаачид анхааруулсан байна.
Дархамын их сургуулийн судлаач, профессор Стюарт Жэймисон "Огт судлагдаагүй байгалийн тогтоц газар байсан нь тогтоогдсон. Өмнө нь өөр хэн нэгэн мөсөн доор ийм том байгалийн зураг байгаа гэдэгт анхаарлаа огт хандуулж байгаагүй. 32 мянган хавтгай дөрвөлжин километр үргэлжлэх байгалийн тогтоц газар нь нэгэн цагт ой мод бүрхсэн, магадгүй ан амьтдын өлгий нутаг байсан гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярьжээ. Гэхдээ энэ газар цаг хугацааны явцад мөсөөр хучигдаж, хөлдсөн гэдгийг эрдэмтэн судлаач онцолсон байна.
Хүн төрөлхтөн Ангараг гаргийн талаар хангалттай мэдээлэлтэй байдаг бол Антарктидын зүүн мөсөн доорх хэсэг газар нь нууцлаг хэвээр байсныг эрдэмтэд хэлж байна.
Судлаачид энэхүү 2.5 километрийн орчим гүн дэх тогтоц газрыг илрүүлэхийн тулд газрын гадаргын хиймэл дагуулын зургийг ашигласан байна. Мөн тэд “Радио давтамжийн аргаар” мөсөн голын доорх байгалийн тогтоц газрын үндсэн бүдүүвч зургийг гаргаж, бүтэц, массын талаар нарийн дүрслэл үйлдсэн байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал онгоцоор нисэх үедээ үүлний дээрээс уулын орой цухуйж байгааг олж харахтай ижил юм гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Одоогоор энэ далд ертөнцөд нарны цацраг хамгийн сүүлд хэзээ хүрснийг тодорхойлоход хэцүү ч судлаачид дор хаяж 14 сая жил болсон гэдэгт итгэлтэй байна.