БНАСАУ-аас дүрвэсэн байж болзошгүй хүмүүс тээвэрлэж явсан жижиг завийг Өмнөдийн усан хилийн бүсэд нэвтэрсний дараагаар саатуулсныг БНСУ-ын эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ. Хилийн зөрчил нь өмнөд солонгосын усан хилийн бүсэд үйлдэгдсэн тул тэдгээр хүмүүсийг Сөүлийн тал хамгаалалтдаа авахаар болсон байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид модон завинд зорчиж явсан Хойд Солонгосын дөрвөн иргэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэвч тэдгээр нь Умард Солонгосоос урваж, хил нэвтэрсэн байх магадлалтай гэсэн таамаглалыг Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаныхан дэвшүүлж байна. Ким Жон Ун 2011 онд засгийн эрхэнд гарснаас хойш Умард Солонгосоос дүрвэх нь иргэдийн хувьд улам бүр хэцүү болсон гэж шинжээчид үздэг байна. 2020 онд “Ковид-19”-ийн халдвар дэлхий дахинд дэгдсэнээс хойш тус улс хилийн хяналтаа бүр ч чангатгасан байна.
Энэ сарын эхээр БНХАУ-ын хууль тогтоогчид тус улсад оршин суудаг эсвэл хууль бусаар хил нэвтэрсэн Умард Солонгосын олон тооны иргэнийг албадан нутаг буцаасан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын хууль тогтоогчдын зүгээс дүрвэгсдийг эх орноо орхин явах болсон шалтгааныг нь тогтоохын тулд ихэвчлэн нэг сар хүртэл саатуулж, байцаадаг талаараа хэлсэн байна. Харин дараа нь тэднийг нүүлгэн шилжүүлэх төв болох Ханавон руу илгээж, Өмнөд Солонгост амьдралаа эхлүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг байна.