Олон улсад мэргэжлийн театрын музейтэй 10 улс орон байдгийн нэг нь Монгол улс юм. 1991 оноос хойш тасралтгүй 32 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа манай улсын театрын музейд бөмбөгөр ногоон театраас эхлээд орчин үеийн дуу, дүрсний урлагийн түүхэн хөгжлийг гэрчлэх үзмэрүүдийг дэлгэсэн байдаг байна.
Хашааны хаалгагүй, зарим банз суларсан, хагалаад орхисон мод зэргийг дүрсэлсэн макет нь 1985 онд бүтээгдсэн гарын таван хуруу уран сайхны киноны зураачийн бүтээл. Тухайн үеийн уран бүтээлчид зохиолоо дэлгэцийн дүрсэнд буухаас өмнө ийнхүү макет загвар бэлтгэдэг байсан нь өдгөө монголын театрын музейд эх хувиараа хадгалагдаж байна.
Монголын театрын музей анх 1000 гаруй үзмэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй үзмэртэй, 40 хувийг нь үзүүллэгийн 6 танхимд дэлгэжээ. Ингэхдээ Монгол улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулахаас гадна өнөөдрийг хүртэл тоглогдсон жүжиг, дуурь, балет, дуу, хөгжим, дэлгэцийн урлагийн түүхэн баримтуудыг өөрсдийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр дэглэн таниулж байгаагаараа онцлог байна.
Театрын музей баримт цуглуулж, үзмэр дэлгэхээс гадна бүх насныханд зориулсан соёл, урлагийн боловсролын хөтөлбөрийг тогтмол явуулдаг. Гэсэн ч музейг зорин очих үзэгчдийн тоо бусад музейтэй харьцуулахад бага байдаг байна. Энэ нь музейн барилгын багтаамж, ажилтнуудын тоо цөөн байдагтай холбоотойг хэлж байсан юм. Тиймээс цаашид төр засгийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцолж байлаа.