АТГ-аас нүүрс, допинг, ногоон автобус, боловсролын зээлийн сантай холбоотой хэргүүдийн сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж, шаардлага хангаагүй нийтийн тээврийн автобус худалдан авсан нь тогтоогджээ. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 7 сайд 940 гаруй хүнийг БЗС-гийн зээлээс үндэслэлгүй чөлөөлснийг тогтоосон байна.
Өнөөдрийн байдлаар ногоон автобустай холбоотойгоор нийт 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байна. Нэр бүхий яллагдагч нарын үл хөдлөх эд хөрөнгө болон арилжааны банкны дансан дахь 3.4 сая ам.долларыг битүүмжлэн шалгаж байгаа юм байна. Мөн ногоон автобустай холбоотойгоор БНСУ-ын 2 иргэнийг цагдан хориод байгаа бол 2 иргэнд нь хилийн хориг тавиад байгаа талаар АТГ-аас мэдээлж байна.
БЗС-гийн зээлээр гадаадад суралцсан нийт 3000 гаруй хүн байдаг. Тус сангийн үйл ажиллагааны удирдлагууд бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон. Тухайлбал, тус сангийн зээлд хамрагдсан оюутнууд англи хэлний оноогоо хангаагүй, эх орондоо буцаж ирж ажиллаагүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, зээлийн барьцаа хөрөнгөө бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүд бүртгэгджээ.
Ийнхүү одоогоор мөрдөн шалгах ажиллагаагаар 7 сайд 940 гаруй хүнийг БЗС-гийн зээлээс үндэслэлгүй чөлөөлсөн нь тогтоогдсон байна. Мөн 2023 оны төсвийн тухайд хуульд нийтийн тээврийн автобусны төсөл арга хэмжээнд зарцуулахаар нийт 318 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ төсвийг өмнөх нийслэлийн засаг дарга буюу Сумъяабазар захиран зарцуулсан байдаг. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчин худалдан авах ажиллагаа зохион байгуулсан, чанар, стандартын шаардлага хангахгүй автобус хүлээж авсан мөн нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал олгосон зэрэг зөрчлүүд тогтоогдоод байна.