Цалин, тэтгэвэр нь инфляцын өсөлтөд идэгдсэн энэ үед татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, бизнесийн байгууллагуудад ихээхэн дарамт болж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн цахим өргөдөл гомдлын системээр НӨАТ-ын урамшууллын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх, мөн НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар тус тус бууруулах тал дээр иргэдийн санал авч эхлээд байгаа. Зарим эдийн засагчдын зүгээс дээрх асуудлыг иргэдийн талд шийдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг өөрсдийн судалгаа шинжилгээнд үндэслэн хэлж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар нь далд эдийн засгийг ил болгох мөн бусад татвараа бодвол хяналтын үүргийг илүүтэйгээр биелүүлдэг. Манай улсын далд эдийн засаг 17-20 орчим хувь буюу 2022 онд ДНБ-тэй харьцуулахад 8.9-14.5 их наяд төгрөгийн мөнгө бүртгэлгүй байдаг гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл энэ хэмжээний мөнгөний 50 орчим хувийг ил гаргаснаар эдийн засагт олон ашиг тустай. Тиймээс НӨАТ-ын хувь хэмжээг өсгөж, иргэдийг идэвхжүүлж далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил гаргах хэрэгтэй гэсэн юм.
НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгоё гэвэл ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүнийг төрийн бодлогоор зохицуулж, тансаг хэрэглээнд оногдуулах татварын хэмжээг өсгөх зэргээр шийдвэрлэх боломжтой байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын санал асуулгатай зэрэгцэн иргэн Ш.Хүрэлтулга НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах санал асуулга эхлүүлсэн нь одоогоор 50.000 гаруй хүний саналыг аваад байна. Тэгвэл эдийн засагчид энэ асуудалд бизнесийн байгууллагуудыг дэмжсэн татварын бодлогыг сайжруулж болох ч НДШ-ийн одоо байгаа 24 хувийг буулгаж болохгүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, НДШ-ийн ихэнх хувь нь тэтгэврийн даатгалын санд зарцуулагддаг бөгөөд 4 хувийг л эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зарцуулдаг байна. Үүнээс шалтгаалж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ муу байна гэж үзэж байна. Дэлхийн бусад улсын жишгээс харвал эмд-ын хувь хэмжээ нь хамгийн багадаа л 8 хувь байдаг юм.
байнгын алдагдалтай ажилладаг тэтгэврийн даатгалын санд реформ хийх цаашлаад эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг өсгөснөөр хангалтай хэмжээний сайн үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. Энэ тохиолдолд одоо байгаа НДШ-ийн хувь хэмжээ иргэдэд өндөр санагдахгүй байх болов уу гэдэг байр суурийг эдийн засагчид ийнхүү илэрхийлж байсан юм.