ОХУ-ын зэвсэгт хүчний удирдлагууд дайны талбараас ухарсан дотоодын цэргүүдээ цаазалж байгаа тухай мэдээллээ

Сүүлийн үед ОХУ-ын зэвсэгт хүчин Украины зүүн бүс нутгийн Авдеевка, Купянск хотуудыг эрхшээлдээ оруулахын тулд ширүүн давшилтыг явуулж байгаа юм. Харин Украины армийн алба хаагчид газар нутгаа хамгаалж цус асгаруулсан тулааныг хийж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсээр байна. Тэгвэл цус асгаруулсан тулааны үеэр дайны талбарыг орхиж ухрах гэж оролдсон цэргүүдээ ОХУ-ын зэвсэгт хүчин цаазаар авахыг тушаасан, мөн гүйцэтгэсэн гэж АНУ-ын батлан хамгаалах яамнаас пүрэв гарагт мэдээлсэн байна. Сүүлийн 96 цагийн хугацаанд Украины Авдеевка хотын төлөөх тулаанд ОХУ-ын 5000 орчим цэрэг амиа алдсан бол тэдний тал хувь нь “Кремлийн тушаалаар” өөрийнхөө хамтран зүтгэгчдэдээ алуулсан гэж цагаан ордноос мэдээлжээ.

Орос, Украины цэргүүд 10-р сарын дунд үеэс эхлэн фронтын тулгуур түшиц бүс нутаг болох Авдеевка хотод хяналтаа тогтоохын төлөө ширүүн тулаан өрнүүлж байна. Энэ хугацаанд ОХУ-ын зэвсэгт хүчин "их хэмжээний" хохирол амссан гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Пентагоны мэргэжилтнүүд ОХУ-ыг хамгийн багадаа 125 хуягт машин, нэг батальоны хангамжтай тэнцэх хэмжээний үнэ цэнтэй цэргийн техник хэрэгслээ алдсан гэж мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, анги нэгтгэл их хэмжээний хохирол амссан тул давшилтаа зогсоож, ухрах шийдвэрт хүрсэн тухай мэдээлжээ. Мөн оросын цэргүүд үймээн самуун дэгдээж, нөхцөл байдал хяналтаас нь гарсан байж болзошгүй гэж Украины эрх баригчид мэдээлсэн байна. 

Пүрэв гарагт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “ОХУ-ын дайчилгаанд хамрагдсан цэргийн алба хаагчдын бэлтгэл хангагдаагүй, байлдааны туршлагагүй, зэвсэглэлийн хувьд тийм ч сайн сонголтгүй хэвээр байна. Тэд зүгээр л хүний давалгаа тактик ашиглаж, бэлтгэлгүй цэргүүдийг тулааны талбарт илгээж байгаа нь хүний амийг санаатайгаар хөнөөж байгаа явдал” хэмээн хэлжээ. Үргэлжлүүлэн тэрбээр “зэвсэглэлийн нөөцгүй, тоног төхөөрөмжийн хангамжгүй, удирдлага, нөөц, дэмжлэг байхгүй” учраас орос цэргүүд ёс суртахууны зөрчил гаргаж байгаа явдалд гайхаад байх зүйлгүй гэдгийг онцолсон байна.