Израилын хуурай замын зэвсэгт хүчин газын зурваст нэвтэрч Хамас зэвсэгт бүлэглэлийн байршилд цохилт өгсөн байна

Пүрэв гарагт Израилын армийн хуурай замын байлдааны ажиллагааны талаарх дүрс бичлэгт хуягт машинууд хилийн элсэрхэг бүсээр явж байгааг харуулсан байна. Бульдозер өргөгдсөн эргийн хэсгийг тэгшилж, танкууд цуваагаар явж, нурж сүйдсэн барилгуудын ойролцоогоо дэлбэрэлт гарч байгааг дүрс бичлэгт харуулжээ.

Тэгвэл Израилын армийн явган цэргийн анги нэгтгэл танкны дэмжлэгтэйгээр газын зурваст нэвтрээд 1 километр орчим газар нутгийг туулсан бөгөөд  "байлдааны дараагийн үе шатанд бэлтгэх зорилгоор дээрх туршилтын давшилтыг хийсэн" гэдгээ онцолсон байна. Израилын арми газын зурвасыг бүсэлж, Хамас бүлэглэлийг устгах зорилготой хуурай газрын давшилтаа удахгүй эхлүүлэх төлөвтэй байгаа юм. Гэхдээ Хамас зэвсэгт бүлэглэл танк эсэргүүцэгч пуужингийн систем ашиглах эрсдэлтэй байгаа тул Израилын арми пүрэв гарагт эрсдлийг тооцох давшилт хийсэн байж болзошгүй байна.

Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт Хамас-ын төлөөлөгчид Москва хотноо хүрэлцэн очиж, Газа дахь ОХУ-ын иргэдийг суллах асуудлаар хэлэлцээ хийснийг дотоодын хэвлэлүүд мэдээлжээ. ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Ойрх Дорнодын бүс нутаг дахь хямрал, мөргөлдөөн нь АНУ-ын дипломат бодлого бүтэлгүйтсэнтэй холбон тайлбарласан бөгөөд Израил, Хамас бүлэглэлийн удирдлагууд галаа зогсоож, энх тайвныг тогтоох хэлэлцээрийг дахин эхлүүлэхийг уриалсан байна.

НҮБ-ын тусламжийн агентлагууд Газа хотын шатахууны нөөц дуусаж, эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн зогссоныг анхааруулжээ. Газа дахь эмнэлгийн байгууллагууд шатахуун, түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүрийг ашигладаг бөгөө түлш дууссанаар эрчим хүч тасалдаж, улмаар шархдсан хүмүүст цаашид тусламж үзүүлэхэд туйлын хүндрэлтэй болсныг НҮБ-аас онцлон тэмдэглэжээ. Тэгвэл Израилын армийн агаарын цохилтын уршгаар газын зурваст 6000 орчим хүн амиа алдсан тухай мэдээлсэн бол Хамас бүлэглэл өнгөрсөн хугацаанд барьцааны 50 орчим хүний хөнөөсөн байж болзошгүй байна.