2022 оны байдлаар улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөлийг даван туулагч 23 мянга гаруй иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ. Хорт хавдрын өвчлөлийг даван туулагчын хувьд сэтгэл зүйн байдал маш чухал бөгөөд хөрөнгө санхүүгийн чадвартай байх шаардлагатай болдог.
Хорт хавдрыг даван туулагч иргэн Б.Мягмархүүгийн хувьд хагалгааны дараах эмчилгээнд сард дунджаар зөвхөн эмийн зардалдаа 2.5 сая орчим төгрөгийг зарцуулдаг байна. Мөн туяа эмчилгээний хор тайлах,нөхөн сэргээх, сэтгэл зүйн эмчилгээ амин дэмтэй хоол хүнс хэрэглэх зэрэгт дахин энэ хэмжээний мөнгө шаардагддаг бөгөөд нэг сарын эмчилгээний зардал ойролцоогоор 5 сая төгрөг болдог байна. Өвчтөнгүүд эмчилгээгээ тасалдуулахгүйн тулд зээл авах тохиолдол олон гардаг. Өдөр ирэх тусам хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж хавдар судлалын эмнэлгийн оочер дараалал нэмэгдсээр байна.