Үерт өртсөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй байна

Нийслэл хотод өнгөрөгч зун болсон үерийн улмаас 4 хүн амиа алдаж нийт 35 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Манай улс энэ хэмжээний гамшиг үүсэх эрсдлийг урьдчилан тооцоолоогүй бэлэн байдлыг хангаагүй тул их хэмжээний хохирол амссан. Ирэх жил дахин үерийн гамшиг үүсэх эрсдэлтэй байгаа учир гамшгийн эсрэг бэлэн байдлыг хангах, усан сан байгуулах, зэрэг ажлуудыг эхний ээлжинд хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Үерт өртсөн айл өрх, аж ахуй нэгжүүдийн хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй бөгөөд Баянзүрх дүүрэгт амьдардаг хэсэг айл өрхүүдэд дэмжлэг үзүүлсэн байна.  Цаашид  иргэний хохирлыг хэрхэн барагдуулах, ямар эрх зүйгээр зохицуулах зэргийг гамшгийн тухай хуульд сан байгуулах тухай тусгаж, ямар үндэслэлээр санхүүжилт өгөх гэдэгт хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байгааг холбогдох албаны мэргэжилтэн хэлж байна.

Түүнчлэн дахин гамшгийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж далангийн сувгийн цэвэрлэгээ, хүн хүч, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэн  сайжруулах шаардлагатай байгаа юм.  Хөрөнгө оруулалт, өртөг зардлын хувьд үерийн хамгаалалт тусгай ангиллын барилга байгууламжид ордог тул өндөр зардлаар хийдэг байна.  Хэрэв энэ бүх асуудлыг иж бүрнээр нь шийдвэл олон улсын судлаачдын дүнгээр 2023-2025 онд нийт 872 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн юм. Энэхүү  төсвийг  батлах боломжгүй учраас  олон улсын байгууллагаас дэмжлэг хүссэн  санал тавьжээ.