Орон нутгийн цагаар өнгөрсөн лхагва гаргийн 18 цаг орчимд АНУ-ын Мэйн мужийн Льюистон хотод зэвсэгт этгээд хоёр байршилд ээлж дараалсан халдлагаар 22 хүний аминд хүрч, 50 орчим хүнийг хүндээр шархдуулжээ. Хуулийн байгууллагаас зэвсэгт этгээдийг баривчилж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний хувийн мэдээллийг олон нийтэд зарлаж, оршин суугчдыг хаалга үүдээ сайтар түгжин, аюулгүй газарт хоргодохыг анхааруулсан байна.
Цагдаа нар 40 настай Роберт Кард хэмээх эрийг "Зэвсэглэсэн, аюултай" гэж тодорхойлон сэжигтнээр татаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Мөн хэрэв тус хотын оршин суугчид аюулгүй байдал нь эрсдэлд орвол нэн даруй хуулийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллахыг уриалжээ.
Цагаан ордны тэргүүн Жо Байден үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан даруйдаа шархадсан хүмүүст шуурхай эмнэлгийн тусламж үзүүлэхийг үүрэгдсэн байна.
Мэйн мужийн удирдлагууд Льюистон хотод хөл хорио тогтоож, сэжигтнийг шуурхай баривчлахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа юм байна.
Зэвсэгт этгээд Льюистон хотын хоёр байршилд буюу нэгэн ресторан болон боулингийн газар халдлага үйлдсэн байна. Энэ хоёр газар нь хоорондоо 6.5 километрийн зайд оршдог гэж мэдээлжээ.
Хэргийн талаарх дүрс бичлэгт бор цамцтай, сахалтай эр гартаа галт зэвсэг барьсаар байгууламж руу орж байгааг харуулжээ. Зарим эх сурвалжууд түүнийг орон нутгийн бууны дэлгүүрт ажилладаг, буудлагын багш, зааварлагч хийдэг тухай хэвлэлд ярьсан байна.
Мөн сэжигтнийг өнгөрсөн зун Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлснийг дурдсан бол, хэд хэдэн удаа халдлага үйлдэх тухай сүрдүүлсэн нийтлэлийг цахим хуудастаа нийтэлж байсныг нь зарим эх сурвалжууд хэлжээ. Льюистон нь 38 мянга орчим оршин суугчтай хот бөгөөд Мэйн мужид Портландын дараа орох хоёр дахь том хот юм байна.