Израилын эрх баригчид НҮБ-ын тэргүүний мэдэгдлийг хурцаар шүүмжилж, албан тушаалаасаа  огцрохыг шаарджээ

Өнгөрөгч мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хийсэн мэдэгдэлд Израилын эрх баригчид маш ууртай хариу үйлдэл үзүүлжээ. Антонио Гутерриш Хамас зэвсэгт бүлэглэлийн халдлагыг эрс зэмлэн буруутгасан ч газын зурваст үүсээд байгаа нөхцөл байдалтай харьцуулахад өргөн уудам орон зайд агаарын цохилт өгсөн хэмээн хэлсэн байна.

Мөн тэрбээр Палестины ард түмэн сүүлийн 50 гаруй жилийн туршид Израилын гэнэтийн эзлэн түрэмгийлэлд өртөж, олон удаа золиослогдож байсныг мэдэгдэлдээ онцолжээ. Энэхүү мэдэгдлийн дараагаар Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн түүнийг "Терроризмыг зөвтгөж байна" гэж буруутган нэн даруй огцрохыг шаардсан байна.

Тэгвэл лхагва гарагт А.Гутерриш өөрийн мэдэгдлийг "Буруу ташаа" гэж бодохгүй байгаагаа хэвлэлд уламжилжээ. Тэрбээр Хамас бүлэглэлийн террорист үйлдлийг зөвтгөж байгаа мэт буруу ташаа ойлгож байгаад цочирдож буйгаа уламжлахын сацуу түүний хэлсэн бүхэн зөвхөн энгийн номхон иргэдийн эрх ашигтай холбоотой байсныг онцолжээ. Тэр дундаа хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх үүднээс нөхцөл байдалд бодитоор дүгнэлт хийсэн гэдгээ мэдэгдсэн байна.

10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн 1500 орчим зэвсэгт этгээд газын зурвасаас Израилын Өмнөд бүс нутагт нэвтэрч тэндээс 200 гаруй хүнийг барьцаалсан юм. Мөн тэдний пуужингийн цохилтын уршгаар Израилд 1400 орчим хүн амиа алдаад байгаа юм. Харин Израилын хариу агаарын цохилтын дараа газын зурваст 6500 орчим хүн амь үрэгдсэнийг хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн газын зурваст хүмүүнлэгийн ноцтой хямрал үүсэж оршин суугчид ундны ус, эрчим хүч, хоол хүнсний хомсдолд нэрвэгдээд байгаа юм.

Антонио Гутерриш Израилын армийн сөнөөгч онгоцнууд газын зурвасыг тасралтгүй бөмбөгдөж, энгийн номхон иргэдийн амийг хөнөөж, хөршүүдээ хоморголон устгаж байгаа явдалд үнэхээр сэтгэл түгшиж байгаагаа дахин мэдэгдсэн байна.