АНУ-д  “Анти-Семитизм” буюу Еврей үндэстнийг үзэн ядах үзэлтэй холбоотой гэмт хэрэг түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

АНУ-д “Анти-Семитизм” буюу Еврей үндэстнийг үзэн ядахтай холбоотой гэмт хэргийн гаралт “Түүхэн дээд үзүүлэлтэд” хүрсэн байна. Израил Палестины мөргөлдөөн гарсны дараа ийм төрлийн гэмт хэрэг огцом нэмэгдсэнийг тус улсын холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Врей онцолсон байна.

Тэрбээр угсаатан, шашны холбогдолтой гэмт хэргийн гол хохирогчид нь Еврей үндэстнүүд болж байгаа төдийгүй ийм төрлийн гэмт хэргийн 60 хувь нь Еврейчүүдийг онилон үйлдэгдэж байгааг хэлжээ. 

Анти-Семитизмтэй холбоотой хэрэг Их Британи, Франц зэрэг Өрнөдийн улс орнуудад ихээр бүртгэгдэх болсон байна. Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Врей  дотоодын аюулгүй байдал, Засгийн газрын асуудал эрхэлсэн хороод, албан тушаалтнуудад газын зурваст өрнөж буй асуудлыг үндэсний хэмжээнд хүргэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авахыг уриалжээ.

АНУ-ын нийт иргэдийн ердөө 2.4 хувийг Еврей үндэстнүүд эзэлдэг ч шашин шүтлэгтэй холбоотой үзэн ядах гэмт хэргийн 60 орчим хувь нь тэдний эсрэг үйлдэгдэж байгаа нь асуудал үнэхээр хүндэрснийг илтгэж байна. Еврейн нийгэмлэг бүх төрлийн террорист байгууллагын гол бай болж эхэлсэн бөгөөд Жо Байдены засаг захиргаа орон нутаг, муж, холбооны эрх баригчидтай харилцаа холбоогоо сайжруулах замаар Анти-Семитизм болон бусад үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэхээр ажиллаж байна.

Түүнчлэн Хамас бүлэглэлийн халдлагатай холбогдуулан хэт даврагсад урам зориг орж, зэвсэгт халдлага үйлдэх эрсдэл нэмэгдэж байгааг Холбооны мөрдөх товчооноос анхааруулжээ.