Европын бүсийн инлфяцын түвшин өнгөрөгч 10-р сард төсөөлснөөс илүү огцом буурч, 2.9 хувьд хүрлээ гэж ЕХ-ны статистикийн албанаас мэдээлжээ. Зул сарын баярын өргөтгөсөн худалдаа эхлэхэд хэдхэн долоо хоног үлдээд байгаа чухал үед бүс нутгийн инфляц 9-р сард 4.3 хувьд хүрснээсээ хойш чамлалтгүй хэмжээгээр буурсан байна.
Евробүсийн инфляцын түвшин өнгөрөгч 9-р сард 4.3 хувьд хүрээд байсан бол 10-р сард 2.9 хувийн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь бүс нутгийн хэрэглээний үнийн индекс сүүлийн хоёр жилийн хамгийн доод үзүүлэлтдээ хүрснийг илтгэж байна. Тэгвэл өнгөрсөн сард евробүсийн инфялц огцом буурахад шатахууны үнэ 11 хувиар хямдарсан нь нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Европын Төв банкны бодлого боловсруулагчид хэрэглээний үнийн индекс буюу инфляцыг оны эцэс гэхэд 2 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний үнэ өртөг цаашид ч үргэлжлэн буурвал зорилтот түвшинд хүрэх боломжтой гэж эдийн засагчид хэлж байна. Мөн эрэлт нийлүүлэлт тогтворжиж, үнэ хямдарснаар Европын Төв банк зээлийн хүүгээ өсгөх бодлогодоо өөрчлөлт оруулж, сулруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
10-р сард эрчим хүчний үнэ буурч, зээлийн өндөр хүү зах зээлийн эрэлтийг сулруулж байгаа нь инфляцыг тогтвортой барихад голлон нөлөөлснийг бодлого боловсруулагчид мөн онцолжээ. Европын холбооны улс орнуудын хэрэглэгчид өнгөрсөн оноос эхлэн эрчим хүчний хэмнэлтийн горимд албан бусаар шилжсэн юм. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал өнгөрсөн сард таатай байсан нь шатахуун, эрчим хүчний үнэ хямдрахад нөлөөлсөн байна. Нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, саатал хэвийн голдиролд орж, хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт жигдэрснийг эх сурвалжууд мэдээлсэн байна.