Канадын хууль тогтоогчид засгийн газрын төхөөрөмжөөс “Вичат” олон нийтийн сүлжээнд хандахыг хориглохоор болсноо даваа гарагт мэдэгджээ

Канадын хууль тогтоогчид засгийн газрын төхөөрөмжөөс “Вичат” олон нийтийн сүлжээнд хандахыг хориглохоор болсноо даваа гарагт мэдэгджээ. БНХАУ-д төвтэй “Вичат” цахим сүлжээний платформыг барууны улсуудын эрх баригчид аюулгүй байдлын үүднээс Төрийн алба болон Засгийн газрын төхөөрөмжөөс хандах эрхийг хязгаарлаж эхлээд байна.

Өрнөдийнхөн “Вичат, Тик-Ток” зэрэг платформууд нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хятад улсын засгийн газарт дамжуулдаг байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан канадын хууль тогтоогчид “Вичат”-ын засгийн газрын төхөөрөмжөөс хандах эрхийг хязгаарлаж, төрийн албан хаагчдадаа хандаж сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг уриалжээ.

Харин Канадын Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан “Вичат”-ыг эзэмшдэг “Тенсент” компани ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байна.

Канадын Төрийн зөвлөлийн сайд Анита Ананд төрийн албан хаагчдынхаа кибер аюулгүй байдлыг хамгаалж дээрх шийдвэрийг гаргаснаа онцолсон байна. Гэхдээ дээрх шийдвэр нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг цааш дамжуулдаг гэдгийг илэрхийлэхгүй, ийм төрлийн баримт сэлт олдоогүйг онцолжээ.

2020 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын цахим сүлжээний платформуудыг хориглох, санаачилга гаргасан ч олон нийтийн дэмжлэгийг авч чадаагүй юм.