Манай улс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид эдийн засгийн тэргүүлэх салбар болгох боломжтой гэж тооцоолон бодлого, холбогдох баримт бичиг, хуулийн төслүүдийг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Тэгвэл төр хувийн хэвшил, уран бүтээлчид, иргэд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд Соёлын яамнаас Соёлын бүтээлч сар аяныг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус аянаар 1 сарын турш улс даяар соёл урлагийн арга хэмжээ, сургалт семинар, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Юнеско”-оос гаргасан судалгаагаар соёлын салбар дэлхийд 2.2 их наяд долларын зах зээлийг бий болгож 29 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа гэж тодорхойлжээ. Дэлхийн экспортоор харьцуулбал уул уурхайгаас 6.4 дахин том салбар болж байгаа юм. Энэ том зах зээлд манай улс ч мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэн бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлээд байгаа юм. Үүнтэй уялдуулан жил бүрийн 11-р сарыг соёлын бүтээлч сар болгон зарлаж, гурав дахь жилдээ Улаанбаатар хотод соёлын 120 гаруй арга хэмжээ, орон нутагт 600 гаруй хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Ингэснээр соёлын хүртээмжийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг дэмжин цаашид хэрхэн, яаж хөгжүүлэх ерөнхий зураглалыг гаргах зорилт тавьжээ.
Нэг сарын хугацаанд урлаг, соёлын байгууллагууд өөрсдийн онцлог, үйл ажиллагааны давуу талуудыг танилцуулж, түгээн дэлгэрүүлдэг. Өнгөрсөн хоёр жилийн соёлын бүтээлч сар үр дүнгээ өгч иргэд соёлын байгууллагаар үйлчлүүлэх нь нэмэгджээ.
Соёлын яам тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих, бүтээлч салбарын хөгжлийн түвшин, цаашдын алсын хараагаа тодорхойлох зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг 2021 оны 11-р сард анх удаа өрнүүлэн хуанлийн хуудсыг урлаг, соёлын үйл ажиллагаагаар дүүргэж байсан юм.