ТҮЦ-ийг буулгах биш харин нэгдсэн стандарттай болгож хяналт тавьж ажиллах хэрэгтэй

Өлзийт хороолол, Буянт-Ухаа чиглэл дэх нэгэн ТҮЦ-т хүүхэд утсаар үнэгүй ярих боломжтой байхаар тохижуулжээ. Тус ТҮЦ-ийн эзэд Г.Ганзориг, Б.Отгонзаяа нар хүүхдийн аюулгүй байдалд зориулж ийнхүү утсаар үнэгүй яриулахаас гадна бүрэн камержуулж мөн олон цагаар автобус хүлээн зогсож даарсан иргэдийг дулаацаг гэж ТҮЦ-ийн зай талбайгаа томруулжээ.

Хөдөө аж ахуйн чиглэлийн компанид 10 гаруй жил гэр бүлээрээ ажилсан Г.Ганзориг болон Б.Отгонзаяа нар 2 жилийн өмнөөс эхлэн түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ ажиллуулж эхэлжээ. Тэд ТҮЦ-ийн бизнесээ өргөжүүлж зай талбайг нь томруулж, өвлийн улиралд автобусны буудал дээр олон цагаар нийтийн тээврээ хүлээн зогсдог иргэдэд халуун цай, кофены хэсэг гаргаж дулаацах боломжийг нээж өгсөн байна. Мөн тус ТҮЦ-д хүүхдүүд үнэгүй утсаар ярих боломжтойгоос гадна эргэн тойрноо камержуулсан нь хүн багатай Өлзийт хороолол, Буянт-Ухаа чиглэлийн иргэдийн аюулгүй байдалд тус нэмэр болно гэж бодсон хэмээн ярьж байсан юм.

Тэдний хувьд ТҮЦ-ийн бизнесийг эхлүүлэхдээ эрүүл ахуйн шаардлагыг хангасан, тухтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх тэр дундаа хүүхдүүдийн аюулгүй байдалд бага ч болов тус нэмэр болоход чиглэсэн үйлчилгээтэй байхад ихэд анхаарсан гэдгээ хэлж байсан юм. Гэвч нийслэлийн захирамжийн дагуу дүүргээс нь ТҮЦ-ийг буулгах, ачих чиглэлийг байнга өгдөг байна. Угтаа бол ТҮЦ-ийн нэгдсэн стандарттай буюу эрүүл ахуйн байдал, ТҮЦ хоорондын зай зэргийг нарийн тусгаж үүндээ хяналт тавьж энэ төрлийн бизнесийг чөлөөтэй үйл ажиллагааг нь явуулах хэрэгтэй гэсэн байр суурийг тэд илэрхийлж байсан юм.

Автобусаа олон цагаар хүлээн даарч зогсож буй иргэд, ар гэрийнхэнтэйгээ холбогдох шаардлагатай хүүхэд багачуул гээд тэдний асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл гарган ажиллаж байгаа Г.Ганзоригийн бизнесийг бид хөтөлбөртөө онцоллоо. Мөн ТҮЦ-ийн бизнесийг нэгдсэн стандарттай болгож, хяналт тавьж ажиллах нь иргэд болон бизнес эрхлэгчдэд ийнхүү олон боломжийг нээж өгч байгаа хэрэг гэдгийг иргэд хэлж байсан юм.