Украины дотоод хэргийн сайд Игорь Клименко ОХУ-ын арми агаарын довтолгоогоо эрчимжүүлж, дайн эхэлснээс хойш анх удаагаа 24 цагийн хугацаанд тус улсын 118 хот, тосгоныг бөмбөгдсөн тухай мэдээлжээ. Тэрээр Украины 27 бүс нутгийн 10 нь халдлагад өртөж, агаарын довтолгооны уршгаар цөөнгүй хүний амь эрсэдсэнийг мэдэгджээ.
ОХУ-ын арми сүүлийн 24 цагийн хугацаанд Украины Зүүн болон Өмнөд бүс нутаг руу олон зуун пуужин харваж, 110 гаруй хот тосгоныг бөмбөгджээ. Оросын агаарын довтолгоонд өртсөн хот тосгодын олон арван оршин суугч амиа алдаж, мөн хүндээр шархадсаныг Украины Дотоод Хэргийн сайд Игорь Клименко мэдэгдсэн байна. Тэрээр хохирлын талаар нарийн ширийн мэдээлэл хараахан хэлэх боломжгүй байгааг дурджээ. ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Донецк мужийн стратегийн ач холбогдол бүхий Авдеевка хотыг эрхшээлдээ оруулахын тулд хуурай замын довтолгоог эрчимтэй явуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрч чадаагүй хэвээр байна.
Бүс нутгийн захирагч Виталий Барабаш "Авдеевка хөрснөөс арчигдаж, тарж бутарч байна. Өнгөрсөн хоногт бүс нутгийг онилон 40 гаруй удаа их буугаар халдлага хийлээ. Энэ үеэр Авдеевка хотын хоёр оршин суугч амь үрэгдсэн нь тогтоогдлоо” хэмээн мэдэгджээ. Мөн Виталии Барабаш Оросын Зэвсэгт хүчин дайн эхэлснээс хойших агаарын довтолгооныхоо гурав дахь давлагааг эхлүүлснийг анхааруулжээ. Үүнээс гадна Украины Дотоод Хэргийн сайд Игорь Клименко Оросууд стратегийн өндөр ач холбогдолтой Авдеевка хотыг эзлэн авахын тулд цэргийн нөөц хүчээ цутгаж байгааг онцолжээ.
Тэгвэл өнгөрөгч лхагва гарагт Украины Зэвсэгт хүчин ердөө ганц хоногийн дотор Оросын армийн хуурай газрын 20 орчим давшилтыг няцаасан байна. Үүнтэй зэрэгцэн Оросын явган цэргүүд Украины зүүн хойд Харьков мужийн Купянск хот руу хийж байгаа дайралтаа эрчимжүүлсэн бол Украины арми хориглолтын байршилд шилжиж, бүс нутаг дахь хяналтаа алдахгүйн тулд цэргийн хүчээ хуваарилж байгаа тухай Киевийн тэргүүн В.Зеленський мэдэгджээ.
Украины сөрөг довтолгоо төдийлөн үр дүнд хүрэлгүй гацаанд орсон нь дайны нөхцөл байдал Киевийн талыг туйлдуулах вий гэсэн Өрнөдийнхний болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Украйны ерөнхийлөгч Володимир Зеленський тэдний сөрөг давшилт ахиц дэвшилтэд хүрч чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд илүү дэвшилтэт зэр зэвсгийг яаралтай нийлүүлэхийг, мөн эв нэгдэлтэй байхыг холбоотнууддаа хандаж уриалсаар байна.
Лхагва гарагт Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный дайн одоо "Байрлалын" буюу стратегийн шатанд шилжиж байгааг анхааруулаад энэ хугацаанд Москва цэргийн хүчээ сэлбэх боломжтой болно гэж "Экономист" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрээр Оросын тал их хэмжээний хохирол амссан ч зэвсэг, техник, пуужин, сумны хувьд илүү давуу хэвээр байгаа гэдгийг дурдсан байна.