Лхагва гарагт Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Төв Азийн улс орнуудад хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ

Лхагва гарагт Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Төв Азийн улс орнуудад хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ. Тэрээр Төв Азийн улс орнууд нь байгалийн баялаг болох чулуужсан түлш болон цөмийн эрчим хүчний бүтээгдэхүүнийг Европ тивийн хэрэглэгчдэд хүргэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг онцолжээ.

Эммануэль Макрон Төв Азийн улсуудад хийж байгаа төрийн айлчлалаараа Казахстан, Узбекистан улстай тус тус хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, харилцаа холбоогоо бэхжүүлэх зорилготой юм байна. Францын уран, чулуужсан түлшний хамгийн том нийлүүлэгч баруун Африкийн Найжэр улсад армийн генералууд төрийн эргэлт хийсэн нь Парисын стратегийн чухал ач холбогдолтой цөмийн эрчим хүчний салбарын үйлдвэрлэл доголдох эрсдэлд хүргээд байгаа юм. Өнгөрсөн онд Франц улсын хоёр дахь том уран нийлүүлэгч нь Баруун Африкийн Найжэр улс байсан бол харин эхнийх нь Төв Азийн Казахстан улс байсныг тоон мэдээллүүд харуулжээ.

Лхагва гарагт Францын Төрийн тэргүүн Эммануль Макрон дэлхийн хамгийн том уран олборлогч Казахстан улсад хүрэлцэн очсон байна. Эммануэль Макрон болон Казахстаны Төрийн тэргүүн Касым Жомарт-Токаев нар дээд хэмжээний уулзалт хийж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар хэлэлцжээ. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр Касым Жомарт-Токаев тэдний хувьд Франц улс нь гол бөгөөд найдвартай түнш нь хэмээн магтсан төдийгүй ирэх жилүүдэд эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа шат дараатайгаар өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Э.Макрон ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээг дагаж мөрдөх шийдвэрт хүрсэн Казахстаны эрх баригчид, тэр дундаа тус улсын ерөнхийлөгч Токаевт талархал илэрхийлжээ.

Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо Оросын байгалийн хий, газрын тосонд хэсэгчилсэн хориг арга хэмжээ аваад байгаа юм. Тэгвэл өнгөрсөн онд Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Казахстан улс нь Норвеги, АНУ-ын дараагаар ЕХ-ны гурав дахь том газрын тосны нийлүүлэгч болжээ.

Харин цахилгаан эрчим хүчнийхээ 60 гаруй хувийг цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэдэг Франц улсын хувьд Төв Азийн ураны нөөцөд анхаарлаа хандуулаад байгаа юм. Казахстан улс олборлосон уранаа Францын талд нийлүүлснийхээ хариуд өөрийн инженерүүдийг чадавхжуулах, дотоодын эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн тулд Францын Ноу-Хауг ашиглахыг эрмэлзэж байна.

Казахстан дахь айлчлалын дараагаар Францын Төрийн тэргүүн пүрэв гарагт Узбекистаны ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалт хийж, шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэхээр бэлтгэж байна.