СХД-ийн 32-р хороо буюу Эмээлт өртөөнд 1900 айл өрхийн сургуулийн насны 1100 гаруй хүүхэд байдаг байна. Гэвч тухайн хороонд ерөнхий боловсролын сургууль байдаггүй тул хүүхдүүд өдөр бүр сургуульдаа гэрийн хооронд ирж очиход тулд нийтдээ 40 гаруй км замыг туулдаг байна. Эмээлтэд 2018 онд ЕБС-ийн барилгын ажил эхэлсэн ч цар тахал, хөрөнгө санхүүгийн асуудал гарснаар ашиглалтад орох хугацаа хойшилж өнөөг хүрчээ.
Эмээлт орчим нь шинэ суурьшлын бүс учраас өдөр ирэх тусам шилжин ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм. Иймд сургууль, цэцэрлэг ажлын байр зэрэг бүхий л асуудлыг шийдэх шаардлага тулгарч байгаа юм. Улмаар 2018 онд 640 хүүхдийн багтаамжтай сургууль барих ажлыг эхлүүлэн 2 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч цар тахлаас шалтгаалан хөрөнгө мөнгөний асуудал үүсэж барилгын ажил зогссон байна. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа юм. Салбарын сайд 11-р сар гэхэд ашиглалтад оруулна гэдгийг хэлж байсан ч өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай хэвээр байна.
Сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч компаниар Фүжи-Алтай компани ажиллаж байгаа бөгөөд 2020, 2021 онд төсөв хүрэлцэхгүй гэх шалтгаанаар барилгын ажил зогсонги байдалд орсон. Боловсрол Шинжлэх Ухааны яам болон тус компанийн хамтын уулзалт хийсэн байна. Ингэхдээ ирэх оны төсөвт сургуулийг ашиглалтад оруулах шаардлагатай байгаа 652 сая төгрөгийг суулгахаар болсон байна.
Одоогийн байдлаар тус барилгын халаалт, ус шугам сүлжээний бүхий л асуудал шийдэгдсэн байгаа багахан тохижилтын ажил хийгдсэнээр ашиглалтад орох бүрэн боломжтой юм. Хэрэв уг сургууль ашиглалтад орвол хүүхдүүд гэртэйгээ ойр сургуульд явж өөрсдөдөө чөлөөт цаг гаргах, гэрийн даалгавраа хийх цаг завтай болно гэдгийг хэлж байсан юм.