Улсын хэмжээнд соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой "Соёлын бүтээлч сар" 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн 11-р сарын аян "Бүтээлч залуус" уриан дор Монгол, Тайваний хамтарсан цохивор хөгжимчдийн тоглолтоор нээлтээ хийжээ.
Соёлын бүтээлч сарын нээлтээр Монгол улсын Консерваторын цохивор хөгжмийн чуулга “Найруулга-2023” шинэ уран бүтээлийн тоглолтоо толилууллаа. Тус тоглолтод Тайваний нэрт Маримба артист, профессор, хөгжмийн ухааны доктор Вейчен Лин, "Тайпей хотын иргэний симфони оркестр"- ын цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца нар уригдан оролцсон нь Монголын цохивор хөгжимчдийн олон улсад гарах гарцыг нээж байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Цохивор хөгжмийн чуулгынхан Х.Берлиозын "Фантастик симфони"-ийн гурван ангийг шинээр найруулан тоглосон бол олон улсын хөгжимчид өөрсдийн урын сангаас хөгжимдсөн байна. Түүнчлэн Монголын болон Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээс хамтран толилуулжээ. Соёлын бүтээлч сарын энэхүү нээлтийн тоглолтыг Монгол улсын Филармони хамтран зохион байгуулсан бөгөөд энэ сард олон үйл ажиллагааг төлөвлөжээ.
Энэ мэтчилэн Соёлын бүтээлч сараар Улаанбаатар хотод соёлын 120 гаруй арга хэмжээ, орон нутагт 600 гаруй хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулагдана. Тухайлбал эхний долоо хоногт Монгол улсын Филормоний тайзнаа С.Рахманиновын 150 жилийн ойг тохиолдуулан төгөлдөр хуурч Б.Цацрал, Г.Анужин нарын хамтарсан тоглолт болох бол Хүүхэлдэйн театрын тайзнаа “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг тоглогдоно. Мөн Хархорум хөгжмийн фестиваль болон улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Ж.Вердийн "Аттила" дуурь тус тус тоглогдохоор төлөвлөгджээ.