Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулан жил бүрийн 1-р сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлнэ

2023 оны 7-р сард УИХ-аар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Ингэхдээ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх тэтгэврийн тухай хуульд орсон зарим онцлох заалтуудаас хүргэе:

  • Тухайлбал, өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нөхөр юм уу эхнэрийн нь тэтгэвэр дээр нэмж олгоно.
  • Мөн уг хуульд даатгуулагч дараалсан 7 жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгодог байсныг өөрчилж 5 жил болгосон байна. Үүнээс гадна хэрэв иргэн дараалсан 6, 7 жилийн дундаж цалин хөлснөөс тэтгэврээ тогтоолгочихсон бол одоо тэтгэврийг 5 жилийн дундаж цалин хөлснөөс тооцон өөрчлөн тогтоож болохоор болжээ.
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааны нөхцөлийг бүрэн хангасан даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өөрийн сонголтоор тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа юм.
  • Улсын хэмжээнд одоогоор өндөр насны тэтгэвэр авагч 384.000 гаруй иргэн байгаа юм.

Төсвийн тодотголоор өнгөрсөн 7-р сарын 1-ний өдөр итгэлцүүрийн аргаар ахмад насны тэтгэврийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, тэтгэврийн нэмэгдэл хамгийн бага хувиар буюу 40.000 төгрөгөөр тэтгэвэр нь нэмэгдсэн нийт 78.000 иргэн байсан юм. Энэ нь хангалттай хэмжээнд амьдралд нь нэмэр болж чадахгүй байна гэдгийг ахмад настнууд илэрхийлж байна. Мөн тухайн өндөр настан нас барсан тохиолдолд авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү хэмжээгээр гэр бүлийн хүнийх нь тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасныг бага байна гэдгийг ахмадууд хэлж байна.

Ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэрлэлтийн баталгаатай нөхөр, эхнэрийн нэг нь нас барсан тохиолдолд нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү хэмжээгээр гэр бүлийн хүнийх нь тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд шинээр мөрдөх зохицуулалтуудын хувьд даатгуулагч насны хувьд өөрийн сонголтоор тэтгэврээ тогтоолгоно. Мөн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулан жил бүрийн 1-р сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэх зохицуулалтыг оруулжээ.