Өнгөрсөн пүрэв гарагт Израилын зэвсэгт хүчин Хамас бүлэглэлийн гол түшиц газар болох Газа хотыг бүрэн бүсэлснээ мэдэгдэж, агаарын довтолгоогоо эрчимжүүлснээ онцолжээ. Израилын тусгай хүчний алба хаагчид Хамас бүлэглэлийн хориглолтын байрлалд дөхөж очсон төдийгүй дайсагнагч талууд үе үе гал нээж, тулаан өрнүүлж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Пүрэв гарагт НҮБ-аас газын зурваст хоргодох байр болгон ашиглаж байсан дөрвөн сургуулийн барилга Израилын агаарын довтолгоонд өртөн нурж сүйдсэн, мөн ундны усны хомсдол нүүрлэснийг анхааруулжээ. Түүнчлэн Газа хотын эрүүл мэндийн байгууллагаас пуужингийн цохилтын уршгаар 9000 гаруй хүн амь эрсэдсэнийг мэдээлсэн бөгөөд амиа алдсан хүмүүсийн талаас дээш хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгааг онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрөгч лхагва гарагт Газын зурвасын хойд бүс нутагт байрлах Жабалиа хэмээх томоохон дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөний дараа хүүхдүүд хоргодох байрыг орхин гүйж байсан төдийгүй бөмбөгдөлтөөс үүдэлтэй утаа униар буусны дараа хүмүүс амь эрсэдсэн байдалтай газар хэвтэж байсныг дүрс бичлэгт буулгажээ. Газын зурваст үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын шинжээчид хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоохыг Израилын эрх баригчдад уриалсан бөгөөд тэнд байгаа Палестины ард түмэн "Геноцидын ноцтой эрсдэлтэй" нүүр тулаад байгаа гэдгийг онцолжээ.
Газа хотын оршин суугчид Израилын бөмбөгдөлтөөс амь гарахын төлөө тэмцэж байгаатай зэрэгцэн ундны ус, хоол хүнс олж идэх зэрэг амьдралын эхний хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай нүүр тулаад байгааг НҮБ-аас удаа дараа анхааруулжээ. Тэгвэл Женев дэх НҮБ-д суугаа Израилын суурин төлөөлөгч үүсээд байгаа нөхцөл байдлыг "Харамсалтай бөгөөд гүн түгшүүртэй" гэж нэрлээд энгийн иргэдийн амь эрсдэж байгаа явдалд Хамас бүлэглэл буруутай гэдгийг хариу мэдэгджээ. Сүүлийн гурав хоногийн хугацаанд Израилын Өатлан хамгаалах яам Хамас бүлэглэлийн 150 орчим гишүүнийг устгаснаа мэдээлсэн байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цэргүүд "Тулааны оргил” үедээ хүрснийг онцлоод "Бид гайхалтай амжилтад хүрч, Газа хотын бэхлэлтийн зурвасыг давлаа. Бид урагшилж байна" хэмээн мэдэгджээ.
Египет-Израил-Газын зурвасыг холбосон Рафах боомтыг нээснээс хойш хоёр хоног өнгөрч байгаа төдийгүй мөн хугацаанд 500 гаруй гадаадын иргэн 100 гаруй шархадсан Палестины иргэнийг Египет улсад хүргээд байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тэгвэл “Хил хязгааргүй эмч нар” хүмүүнлэгийн байгууллагаас мэдээлснээр хүндээр шархадсан 20 мянга гаруй Палестины иргэнд яаралтай эмнэлгийн шуурхай тусламж үзүүлэх шаардлагатай байна.
Өнгөрөгч пүрэв гарагт Ливаны Хезболла бүлэглэл Израилын хойд бүс нутгийн 20 орчим объект руу нэгэн зэрэг пуужингийн довтолгоо өгч, улмаар талууд харилцан гал нээжээ.